СӨХ-ын дарга М.Отгон: Хуучин айлууддаа 400 мянга, ороод удаагүйд нь 200 мянган төгрөг тараасан юм

СӨХ-ын дарга М.Отгон: Хуучин айлууддаа 400 мянга, ороод удаагүйд нь 200 мянган төгрөг тараасан юм

“Сууц өмчлөгчдийн холбоо” буюу СӨХ гэх байгууллага нь хуульд зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцах үүрэгтэй байдаг. Энэхүү дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн дотор, гадна хана, хонгил, дээвэр, цахилгаан болон явган шат зэрэг бүх зүйлс хамаарна.

Харин сүүлийн үед шинээр ашиглалтад орж байгаа болон бусад орон сууцны хорооллын СӨХ иргэд, оршин суугчдын саналыг авч хэлэлцэлгүй дур мэдэн СӨХ байгуулж, өндөр төлбөр нэхдэг явдал газар авсаар байна. Харин зарим иргэд энэхүү асуудалд дасал болж, хэрэлдэж маргалдахаас зайлсхийн нэхсэн мөнгийг нь өгсөөр байдаг ч бидний амьдардаг байр орон сууцны орчин тийм ч таатай цэвэр, цэмцгэр, оршин суугчдадаа ээлтэй болж чаддагүй нь харамсалтай.

-ШИНЭ ЖИЛ БҮРЭЭР БАЙРНЫХАА ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ТАРААЖ, ЦАГААН САРААР АЙЛ ӨРХҮҮДЭД ЦАГААН ИДЭЭ БЭЛЭГЛЭДЭГ-

Тэгвэл бидний энэхүү хэвшмэл ойлголтыг эвдэж нэгэн СӨХ хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд байрныхаа оршин суугчдад мөнгө тарааж, тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа талаарх мэдээлэл гарч иргэдийн гайхшралыг төрүүлэв.

Цахим орчинд энэ мэдээлэл цацагдсанаар олон хүний анхаарлыг татаж, зарим нь бүр итгэж өгөхгүй, постны эзнийг асуултаар булж байгаа нь харагдаж байв.

Учир нь СӨХ гэдэг иргэдээс төлбөр, мөнгө нэхэж, хэрүүл маргаан дэгдээж, амгалан тайван байдал алдагдуулдаг л гэсэн ойлголттой явдаг иргэдэд СӨХ-өөс нь мөнгө тарааж байна гэдэг бас л хүн итгэмгүй зүйл. Тэгвэл энэ нь үнэхээр бодитой явдал бөгөөд Чингэлтэй дүүргийн 2-р хорооны “Барилгын хороо 30” СӨХ-ноос оршин суугчдадаа мөнгөн тусламж үзүүлжээ. Зөвхөн энэ удаад л мөнгөн тусламж үзүүлж байгаа хэрэг биш шинэ жил бүрээр хүүхдүүдэд бэлэг тарааж, цагаан сараар айлуудад өрөм, ааруул бэлэглэдэг гэдгийг тус байрны оршин суугчид хэлж байсан юм.Үүгээр ч зогсохгүй байрны орц хонгил үргэлж цэвэр цэмцгэр, гадаа нь мод, бутыг тарьж ургуулсан байдаг гэнэ. Бид тус СӨХ-ийн дарга М.Отгонтой утсаар холбогдож ярилцлаа.

-2008 ОНООС ХОЙШ ТҮРЭЭСИЙН МӨНГӨӨРӨӨ ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН. ТҮҮНИЙХЭЭ ЗӨВХӨН ХҮҮГ НЬ Л ОРШИН СУУГЧДАДАА ТАРААСАН -

-Сайн байна уу та, танай СӨХ-ийн зохион байгуулсан ажлын талаар сонсоод холбогдож байна?

-Сайн, сайн байна уу. Манай нэг байрны оршин суугч өөрийн цахим хуудсан дээрээ энэ талаар бичсэн нь хүмүүст их хүрсэн юм шиг байна. Уг нь энэ хүмүүсийн тэгж их, гайхаж сонирхоод байх зүйл биш л байгаа юм. \инээв\ Эгч нь ажил үүргээ л сайн биелүүлж, хүмүүст туслахыг хичээж яваа нь энэ.

-Танай байр хэдэн онд онд баригдаж байсан, хэдэн айл амьдардаг вэ?

-Манай байр 1987 онд Дөчин мянгатад баригдаж байсан хуучны барилга бий. Нийт 30 айл өрх амьдардаг. Ихэнх нь анх баригдахад нь ороод л одоог хүртэл амьдарч байгаа хүмүүс бий. Түрээсийн айл бараг л байдаггүй юм.

-“СӨХ-оос байрныхаа айл өрхүүдэд мөнгө тарааж байна” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхэлж цацагдан, хүмүүсийг их гайхшруулж байх шиг байна. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ, бид зоорийн давхараа оёдол, хэвлэлийн цех зэрэг хувиараа хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүнд сарын 150 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм. Энэ түрээсийн мөнгөө 2008 оноос эхэлж хадгалсаар овоо хуримтлуулчихсан.

Харин хадгаламжийнхаа хүүг байрныхаа өрхүүдэд дэм болгох үүднээс өнөөдөр тарааж байгаа юм. Зөвхөн хүүг нь тараасан. Үлдсэн мөнгө нь байгаа гэсэн үг.

Манай байр их хуучны байр учраас сар бүр тог цахилгаан, сантехник гээд урсгал зардал, засч янзлах зүйл их гардаг л даа. Мөн байр, орцоо тогтмол ариутгаж, цэвэрлэдэг. Бүр анх байр баригдахад буюу 1987 онд орсон айлуудад 400 мянга, ороод удаагүй айлууддаа 200 мянган төгрөг өгсөн. Хатуу хөл хорио тогтоогоод манай улсын иргэн бүрт санхүүгийн асуудал тулгарч байгаа шүү дээ. Манай байрныхны хувьд ч гэсэн түр ажил нь зогссон иргэд, өндөр настнууд, багачууд хүүхдүүд их бий. Тэдэндээ жаахан ч гэсэн тус дэм болох үүднээс ийм шийдвэр гаргасан юм.

-ГЭР БҮЛ БҮХЭНД АСУУДАЛ ТУЛГАРДАГ. ХАРИН БИ АСУУДАЛ ДЭЭР АСУУДАЛ НЭМЭХ БИШ ТЭДЭНД ТУСЛАЖ, АМЬДРАХ ОРЧНЫГ НЬ ТААТАЙ БАЙЛГАХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Ийм шийдвэр гараад, айлуудад мөнгө өгөх болсон талаар дуулгахад оршин суугчид яаж хүлээж авсан бэ?

-Оршин суугчид маш их баярлаж, өндөр сэтгэгдэлтэй байсан. Ер нь бид хоорондоо их дотно байдаг л даа. Мэдээж энэ цаг үед тодорхой хэмжээнд тус дэм болж чадах байх гэж бодож байгаа. Оршин суугчдаа баярлахыг хараад надад ч бас их сайхан байсан. Би гурван байр хариуцаж ажилладаг л даа. Тэгээд он удаан жил болсон тэр байрныхандаа л тараасан юм. Нөгөө хоёр нь бол шинэ байрнууд.

-Таны хувьд байрныхаа хүүхдүүдэд шинэ жил бүрээр бэлэг тараадаг, цагаан сараар ч айлуудад тогооны өрөм гэх мэт зүйлс өгдөг талаар оршин суугчид цахим орчинд бичсэн харагдсан?

-Тийм ээ, түрээснийхээ мөнгөө байрандаа хэрэгтэй зүйлсдээ зарцуулаад үлдсэнийг нь хадгалдаг. Харин хадгаламжийнхаа хүүгээр тэдгээр зүйлсийг хийдэг юм. Шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг тараахаас гадна хүнд өвчин туссан, ажил явдал болсон мөн шинэ хүүхэд төрсөн айлуудад хуримтлалаасаа тодорхой хэмжээний туслалцаа үзүүлдэг. Мөн баяр ёслолоор оршин суугчдадаа гарын бэлэг ч тараадаг. Ер нь хүний амьдралд олон асуудал л тулгардаг. Харин би хүмүүсийн асуудал дээр асуудал нэмэх хүн биш тэдэнд жаахан ч гэсэн баяр, хөөр, дэмжлэг туслалцаа үзүүлэх хүн байхыг хичээдэг. Би бүх оршин суугчдадаа өөрийн үр хүүхэд мэт л хандаж ирсэн.

-БИ БҮХ ОРШИН СУУГЧДАДАА ӨӨРИЙН ҮР ХҮҮХЭД
МЭТ ХАНДАХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Таны хувьд хэзээнээс энэ СӨХ-ийн даргаар ажиллах болов?

-Би 2008 оноос хойш ажиллаж байна. Өмнө нь “Үйлдвэрчний эвлэл”, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-нд ажиллаж байсан. Ер нь бол хүмүүсийг ойлгож, туслах, тэднийг дэмжих ажлыг голцуу хийж ирсэн хүн. Би СӨХ-ний ажлыг нэг ёсондоо хүмүүст тусалдаг, буяны ажил гэж бодож ирсэн. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүн бүрийг ойлгож туслахыг хичээдэг учир зарим иргэн суугчид маань надад аав, ээж шиг ээ л хандаж тулгарсан асуудал, санал сэтгэгдэл бүрээ хуваалцдаг даа.

-Энэ цаг үед халдвар авсан иргэний нялх хүүхдүүдийг өвлийн хүйтэнд байрандаа оруулахгүй гэж хөөж туудаг СӨХ, оршин суугчид байхад бие биедээ туслаж, нэгэндээ сайхан үгийг харамгүй хэлж, нийгэмд эерэг сэтгэгдэл түгээж байгаа таниар болон танай байрныхнаар маш их бахархаж байлаа. Өөр байрнуудын СӨХ  ч таниас үлгэр дуурайлал авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Таны зүгээс  бусад СӨХ-нд хандаж юу гэж хэлмээр байна?

-Тийм ээ, ямар ч үед хүн хүн чанартай л байх ёстой. Бүх давхаргын хүмүүст яг ижил тэнцүү хандаж, тэдэнд чин сэтгэлээсээ туслахыг хичээж байгаарай. Хүнд чин сэтгэлээсээ хандаад ирэхээр тухайн хүн ч гэсэн танд чин сэтгэлээсээ хандаж, таныг хүндлэх болно. Би ийм л зарчмаар ажилладаг. Би бас хүнийг баярлуулах их дуртай. Олон хүнтэй сайхан харьцаж, тэднээс ч мөн хүндлэл хүлээнэ гэдэг надад урам зориг өгдөг. Тиймээс дахиад хэлмээр байна. Гэр бүл бүхэнд аз жаргалтай, уйтгар гунигтай цаг үе бий. Санхүүгийн хүндрэл, бэрхшээл гээд олон асуудал ч тулгардаг. Энэ үед нь та асуудал дээр нь асуудал нэмж, СӨХ-ийн ааштай ажилтны дүрд битгий ороорой. Харин тэдэнд жаахан ч гэсэн тус дэм болж, урам зориг бэлэглэдэг хүн байгаасай гэж хэлмээр байна.

-Баярлалаа. Таны ажил үйлсд өндөр амжилт хүсэн ерөөе.