10 настай охин эмнэлгийн тусламж авахаар Сэлэнгээс ирсэн ч нас баржээ

10 настай охин эмнэлгийн тусламж авахаар Сэлэнгээс ирсэн ч нас баржээ

Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ээжийнхээ хамт сумынхаа эмнэлгийн түргэний машинаар Улаанбаатарт ирээд нас барсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтлэгджээ.

Тодруулбал, тэднийг шинжилгээний бичиггүй гэдэг шалтгаанаар 22-ын товчооны орчимд хоёр цаг гаруй хүлээлгээд, ЭХЭМҮТ-д хүргэсэн ч яаралтай тусламж үзүүлэлгүй коронавирусийн шинжилгээний хариу хүлээнэ гэснээс болж охин амиа алдсан гэж буй. 

Мөн эмнэлэгт хүргэснийхээ дараа эх, охин хоёрыг тус тусад нь өрөөнд тусгаарласан бөгөөд охин ганцаараа байхаас айж уйлж байсан.

Харин ээжийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсны дараагаар охиных нь өрөөнд оруулахад охин аль хэдийн нас барсан байсан талаар мэдээлэл нийтлэгдсэн юм. Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан хэвлэлд ярилцлага өгөхдөө “10 настай охин Сэлэнгээс ирээд нас барсан нь үнэн. Яг тодорхой мэдээллийг ЭХЭМҮТ одоо бэлдэж байгаа, удахгүй мэдээлнэ” гэжээ.