Ц.Цэцэгбал: Хамгаалах хувцас өмсүүлж аваад яваач, намайг битгий орхиоч гэж зөндөө уйлж, гуйсан /ЯРИЛЦЛАГА СОНСОХ/

Ц.Цэцэгбал: Хамгаалах хувцас өмсүүлж аваад яваач, намайг битгий орхиоч гэж зөндөө уйлж, гуйсан /ЯРИЛЦЛАГА СОНСОХ/

Энэ сарын 17-нд буюу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Франкфурт-Улаанбаатар чиглэлд “МИАТ” компани тусгай үүргийн нислэг үйлдэж 160 иргэнийг эх оронд нь авч ирсэн билээ. Тус нислэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-ны өдөр товлогдсон байсан ч улс орон даяар тогтоосон хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар цуцлагдаад байсан юм. Харин энэ нислэгийг олон хоног харийн улсад хүлээсэн, манай улсын иргэд ямар хүнд нөхцөлд байгаа талаар бид тогтмол мэдээлж байсан.

ТҮҮНТЭЙ МАНАЙ САЙТЫН ХИЙСЭН ЯРИЛЦЛАГИЙН ХЭСГИЙГ СОНСОХ: 

-БҮСГҮЙ ЯМАР ИХ АЙЖ, САНДАРЧ, СЭТГЭЛЭЭР УНАСАН БОЛ-

Тэгвэл тухайн нислэгээр эх орондоо ирэхээр Чех улсаас Герман /ХБНГУ/-нд ирсэн Ц.Цэцэгбал бүсгүйг МИАТ болон Монгол улсаас Германд суугаа элчин сайдын яамны ажилчид таньж, мэдэх хүнгүй харийн нутагт, Франкфуртын нисэх буудал дээр ганцааранг нь үлдээж, монгол төрийн ямар ч үйлчилгээг үзүүлээгүй нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. 

Ц.Цэцэгбал бүсгүйн хувьд Чех улсад байхдаа коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь хараахан гарч амжаагүй байхад Германд иржээ. Харин МИАТ-ын онгоцонд суухаар түүнийг оочерлож байх үед нь түүний email хаягт “шинжилгээний хариу эерэг гарсан” гэх зурвас ирсэн байна. Тиймээс тэрээр бусад хүмүүсийн аюулгүй байдлын үүднээс тусгаарлалтын байдалд шилжиж, нислэг үйлдэх ёстой гэж бодоод энэ тухайгаа Германд суугаа элчин сайдын яамны ажилтан болон МИАТ-ынханд хэлэхэд тухайн хүмүүс түүнийг Франкфуртын нисэх буудалд таньж мэдэх хүнгүй, орь ганцааранг нь үлдээн нисчээ.

-УЛС ТӨРЧИЙН ХАЛДВАРТАЙ ХҮҮХДИЙГ ТЭЭВЭРЛЭЭД АВЧ ИРЖ БОЛДОГ Ч ЖИРИЙН ИРГЭН БОЛОХГҮЙ ЮУ-

Гэтэл өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгүүдээр эх орондоо ирсэн иргэдээс халдвар илэрч, тэд эх орондоо эмчлүүлж, эдгэрсэн олон тохиолдол гарсан. Мөн нэр бүхий улс төрч нэгэн эрхмийн хүүхдээс ч халдвар илэрч МИАТ-ын онгоцны арын суудалд битүүмжлээд авч ирсэн гэх албан бус мэдээлэл гарч байв. Үүнээс гадна өчигдөр /2020.12.18/ Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн зургаан хүнээс халдвар илэрсэн байгаа юм. Гэсэн хэдий ч тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэд учраас хэн ч халдвар авсан эх орондоо ирж, эмчлүүлэх эрхтэй. Энэ тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх “адуу ч эх нутаг руугаа гүйдэг юм. Бид иргэдээ татаж авна” гэж удаа дараа мэдэгдэж байсан. 

Б.Цэцэгбал бүсгүй Франкфуртын нисэх буудлын энэ хэсэгт хэд хоножээ

-ГХЯ-НД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ УЛАМЖИЛСАН ГЕРМАНД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЖИЛТАНД ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ-

Харин энэ удаад Монгол Улсын жирийн нэг иргэн, үнэнээ хэлснийх нь төлөө түүнд “амьд явах эрхийг нь төр хамгаална” гэсэн Үндсэн хуулийн заалт мөрдөгдсөнгүй. Мөн Монгол төрийн өмнөөс ажил хийж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагчид нь ч Үндсэн хуулиндаа заагдсан “хүнлэг, энэрэнгүй” ёсыг сахисангүй. Харин хамгийн зэвүүцмээр үйлдэл нь манай улсаас Германд суугаа элчин сайдын яамны ажилтан Ц.Цэцэгбал бүсгүйд огт туслаагүй, төрийн үйлчилгээг үзүүлээгүй байж, Гадаад харилцааны яаманд “тусалсан. тусгаарлах байранд байлгаж байгаа” гэж худал мэдээлэл өгсөн байж болзошгүй байна. Учир нь тэрээр хүний нутагт, харийн цагдаад хөөгдөн онгоцны буудалд хоног төөрүүлэн шаналж хэд хоножээ. 

Бид Ц.Цэцэгбал бүсгүйтэй утсаар холбогдож, ярилцлаа.

Тэр ийнхүү ачаагаа баглаад эх орондоо ирэхээр Чехээс Германд иржээ

-НАДАД ГЕРМАНД СУУГАА МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ЯМАР Ч ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭГҮЙ -

-Та Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгт багтсан ч шинжилгээний хариу “эерэг” гарсан учраас эх орондоо ирэх боломжгүй болсон байна. Тухайн өдөр яг юу болсон талаар мэдээлэл өгөөч?

-Би энэ сарын 15-нд Прага хотын нисэх буудал дээр шинжилгээ өгсөн. Тэгээд Франкфуртэд ирээд онгоцондоо суух гээд байж байтал надад шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн и-майл ирсэн юм. Тиймээс би бусад хүмүүст халдаачих вий гэж бодоод тэнд байсан албаны хүнд утсаа харуулаад хэлсэн юм. Гэтэл тэр хүн харснаа намайг шууд өөрөөсөө холдуулаад “та цаашаа байж бай, таны асуудлыг хамгийн сүүлд шийднэ” гэж хэлсэн.

Тэгээд би бүх хүмүүсийг онгоц руу оруулж дуустал хол очиж хүлээсэн. Намайг ямар ч байсан аваад явах байх гэж маш их итгэж байсан.

Гэтэл хамгийн сүүлд “таныг авч явах боломжгүй болсон, халдвартай хүнийг онгоцонд суулгахгүй” гээд огт ойртуулаагүй. Тэр үед би үнэхээр их гомдож “би явмаар байна, хамгаалалтын хувцас өмсүүлээд ч хамаагүй намайг аваад яваач дээ, битгий орхиоч” гэж уйлаад, тэр хүмүүсээс гуйсан. Гэхдээ тэд огт тоогоогүй. \уйлав\

-Нисэх гэж байсан хүмүүсээс таныг авч явахыг хүссэн хүн байсан уу?

-Бүх хүмүүс онгоцонд суусны дараа надад тэгж хэлсэн. Тэгээд би ганцаараа уйлаад, онгоц руу орох гэж үзсэн ч намайг оруулаагүй. Хэрвээ тэнд хүмүүс байсан бол намайг “аваад яваач” гэж хэлэх л байсан байх. Арай ч бүгд “үлдээ” гэж хэлэхгүй байлгүй дээ.

-Хүмүүсийг онгоцонд ямар байдлаар суулгаж байсан бэ. Бүх хүний шинжилгээг шалгаж байсан уу?

-Бүх хүний шинжилгээг шалгах байх гэж бодтол, зарим хүмүүс шинжилгээ ч өгөөгүй явж байсан. Надаас хоёр хүн “хаана шинжилгээ өгдөг юм бол” гэж тэр үед асууж байсан. Харин би өөрийгөө заавал хэлэх ёстой гэж бодоод хэлсэн юм.

-БИ ХОЁР ХОНОГ ОНГОЦНЫ БУУДАЛД СУУГААГААРАА ХОНОЖ, ГЕРМАНЫ ЦАГДАА НАРТ ХӨӨГДСӨН-

-Таныг явах боломжгүй болох үед Германд элчин сайдын яамнаас ямар тусламж үзүүлсэн бэ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг таныг “хамгаалалтын байранд аваачиж, тусламж үзүүлсэн” гэж мэдэгдсэн?

-Намайг огт хамгаалах байранд аваачиж, тусламж үзүүлээгүй шүү дээ. Би энэ онгоцны буудал дээр хоёр хонож байна. Явах боломжгүй болсны дараа элчин сайдын газрын хүн “Танд очих газар байгаа юу гэж асуусан. Би “байхгүй ээ, надад таньдаг хүн ч байхгүй” гэхэд та тэгвэл наанаа байж бай. Маргааш таны асуудлыг шийднэ.

Онгоцны буудлын цагдаа нар дээр очоод байж бай. Тэнд таныг хамгаалж, тусгаарлах байранд аваачина” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар дээр очиж бараг гурван цаг шахам суусан.

Гэтэл тэр цагдаа нар “эндээс яв, дахиж энүүгээр ирэх юм бол торгууль ногдуулна шүү” гэж хэлсэн. 

-Тухайн элчин сайдын газрын хүн ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн байсан бэ. Яагаад өөрийн улсын иргэндээ тусламж үзүүлэлгүй орхиж явсан юм бол?

-Мэдэхгүй ээ. Би тухайн үед уйлж, сандарсан маш их сэтгэлээр унасан байдалтай байсан болохоор нэрийг нь ч тогтоож чадаагүй. Ямар ч байсан залуухан, том биетэй, нүдний шилтэй залуу байсан. Тэндхийн консулын газрын дарга нь л гэсэн. Хүний нутагт, таньж мэдэх хүнгүй намайг орхиод явсанд нь үнэхээр их гомдож байна.

-Онгоцны буудал дээр нэлээн хэд хоносон байна. Энэ хугацаанд хэрхэн, яаж унтаж амарч байсан бэ?

-Тийм ээ, хоёр хоног суугаагаараа л хонолоо. Харин нисэх гэж байсан зарим монголчууд надад ус, идэж уух зүйлс болон тав, арван евро өгч тусалж байсан.

-НАМАЙГ ХЭРВЭЭ АВААД ЯВНА ГЭСЭН БОЛ БИ ОНГОЦНЫ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНД ЗОГСООГООРОО Ч ХАМААГҮЙ ЯВААД ИРЖ ЧАДАХ Л БАЙСАН-

-Одоогоор танд илэрч байгаа ямар шинж тэмдэг байна. Ер нь хаанаас халдвар авсан гэж бодож байгаа вэ?

-Би хаанаас халдвар авснаа мэдэхгүй байна. Уг нь бол гадуур их яваагүй. Одоо миний хамар л битүүрч байгаа. Өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй л байна.

-Таньд хоёр залуу тусалсан гэж байсан. Тэр хоёр монгол хүмүүс үү? Хэрхэн, яаж тусалсан бэ?

-Тийм ээ, Германд сурдаг хоёр монгол залуу миний хаягийг таньдаг хүмүүсээс минь аваад ирж тусалсан. Надад байсан мөнгө дээр тэр хоёр мөнгө нэмээд буцаад Прага явах автобусны билет авч өгсөн. Одоо буцаж Чех яваад эмчлүүлнэ л гэж бодож байна. 

-Таны хувьд Чехд хэр удаан амьдарч байгаа вэ?

-Би Чехд очоод нэг жил гурван сар гаруй болсон. 

-Таныг ирэх боломжгүйг сонсоод гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан бэ? 

-Мэдээж бүгд л их гуниглаж хэцүү байсан. Би эх орондоо очих гэж хоёр сар тэсэн ядан хүлээсэн. Намайг тэнд ээж минь хүлээж байгаа. Би ээж дээрээ хурдан очмоор байна. \уйлав\ Яагаад намайг ганцааранг минь үлдээж байгаа юм бэ. Хамгаалалтын хувцас өмсүүлээд аваад явсан бол би ариун цэврийн өрөөнд зогсоогоороо ч хамаагүй яваад ирж чадах байсан. Би энэ халдварыг хүссэндээ аваагүй шүү дээ. Яагаад иргэнээ авалгүй үлдээж байгаа юм. Би үнэхээр гомдож байна. 

-Монгол улсын ГХЯ, болон Монгол улсаас Германд суугаа элчин сайдын яам таны асуудлыг хурдан хугацаанд шийдэж өгөх байх гэж найдаж байна. Та хурдан эх орондоо хурдан ирээрэй. 

-Баярлалаа, надад тусалж байсан бүх сайхан сэтгэлд хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.