ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог болно

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог болно

МАН-ын УИХ-ын 64 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан саналтай харьцуулан судлах, яг аль заалтыг Үндсэн хуульд оруулж УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг тодорхой болгох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахалж байгаа юм. Тэд наймдугаар сарын 09-ны  өдрийг хүртэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр зөвшилцөж саналаа нэгтгэх ёстой.

Ажлын хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар энэ сарын 22-26-ны /2019.07.22-26/ өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний гурван өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүхийн эрх мэдлийг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой асуудлуудаар тус, тус зохион байгуулсан.

Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу өнөөдөр цуврал хэлэлцүүлэг ““Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр зохион байгуулагдаж байна.

Энэ хэсэгт бодлогын хэмжээний  суурь олон өөрчлөлт орж байгаа юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд дүүргийг хотын статустай болгох, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх” зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгосон. 

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд "Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж, Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох" зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан.

Мөн Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд өргөн мэдүүлсэн өөрчлөлтөд аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг харьяалах ИТХ-аас нэр дэвшүүлж аймаг, сум, дүүргийн Засаг дарга томилохоор өөрчилжээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргыг харьяа ИТХ-аар нэр дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилдаг билээ. Тэгвэл Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засаг даргын томилгоонд шууд оролцдог болохоор байна.


Энэ асуудлыг өнөөдөл хэлэлцүүлэгт оролцогсод онцлон ярилцаж ихэнх нь дэмжихгүй байгаагаа илэрхийлж байлаа.