ХОНГКОНГ: Эсэргүүцлийн давалгаа нэмэгдвэл, Хятад улс цэрэг оруулж хяналтаа чангатгаж болзошгүй

ХОНГКОНГ: Эсэргүүцлийн давалгаа нэмэгдвэл, Хятад улс цэрэг оруулж хяналтаа чангатгаж болзошгүй

Хонгконгд өнгөрсөн сараас эхлэн эсэргүүцлийн давалгаа эхлэсэн бөгөөд БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн гэж сэжиглэгдсэн иргэдийг эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал хэдэнтээ эмх замбараагүй байдал болон хувирсан юм.

Олон нийтийн шахалтаар Хонгконгийн орон нутгийн захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гаргасан ч энэ нь эсэргүүцлийн давалгааг намжаагаагүй.

Өнгөрсөн ням гаригт жагсагчид Хонгконг дахь БНХАУ-ын төв засаглалын байр руу өндөг шидэн, төрийн сүлд дээр хар будаг асгасан бол мөн өдөр Юэн Лун метронд ардчилсан намынхныг дэмжигчид болон тэдний сөргөлдөгчдийн хооронд олныг хамарсан зодоон болж, 45 хүн гэмтэж бэртсэн.

Хонгконг дахь эсэргүүцлийн давалгаа нэмэгдэж, эмх замбараагүй байдал гарсаар байвал БНХАУ-ын эрх баригчид энэ бүс нутаг дахь хяналтаа чангатгаж болзошгүй талаар “South China Morning Post” сонин мэдээлжээ. Тодруулбал, Хятад арми цэрэг хөдөлгөж, хүч хэрэглэн дарахад бэлэн гэсэн үг аж.

“Эсэргүүцэл үргэлжилж, харин Хонгконгийн Засгийн газар бүхий л боломжоо шавхан, хямралыг зохицуулж чадахгүй бол Бээжин зохих арга хэмжээ авахаас аргагүй болно” гэж Бэйханы их сургуулийн профессор Тянь Фэйлун үзсэн байна.

Түүний өгүүлснээр, энэхүү автономит нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын хуулийг тогтоож, онц байдал зарлах хувилбар байж болох талтай аж. Хятадын хөгжлийн институтын дэд ерөнхийлөгч Го Ванда ч мөн эсэргүүцэл эмх замбараагүй байдлаар үргэлжилвэл Бээжин Хонгконгд тавих хяналтаа чангатгаж болзошгүй гэсэн байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.