ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: МИАТ-ын карго нислэгээр цөөн хүмүүсийг БНСУ-аас нууж авчирлаа /ВИДЕО/

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: МИАТ-ын карго нислэгээр цөөн хүмүүсийг БНСУ-аас нууж авчирлаа /ВИДЕО/

Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулж, гаднын орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авах “тусгай үүргийн нислэг”-үүдийн хуваарийг тодорхойгүй хугацаагаар цуцлаад буй. 

Мөн Улсын Онцгой комисс /УОК/-оос саяхан мэдээлэл хийх үеэрээ “Ойрын өдрүүдэд гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж чадахгүй” хэмээн мэдэгдсэн. Иймд БНСУ-ын Сөүл зэрэг чиглэлд иргэний агаарын тээврийн зориулалттай нислэгийн хуваарь гараагүй, энэ талаар ГХЯ-ны Консулын газраас ч мэдээлэл хийгээгүй байгаа юм. 

БНСУ-аас МИАТ-ын карго онгоцоор ирсэн хүмүүсийг нисэх буудлаас тээвэрлэн авч явав. Шөнийн 2 цаг

-ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЯМАР ХҮМҮҮС МИАТ-ЫН АЧААНЫ НИСЛЭГТ БАГТАВ-

Гэтэл өчигдөр /2021.01.06/ Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани нислэг үйлдэж, тус нислэгээр цөөн тооны гадаад, дотоодын иргэдийг Монгол Улсад авчирлаа. Учир нь бид өнгөрөгч шөнө /01.06-07/ Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд ажиллаж дараах мэдээллийг бэлтгэлээ.

Тодруулбал, Цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт дор Буянт-Ухаа нисэх буудалд өнгөрөгч шөнийн /2021.01.07/ 00:27 цагт МИАТ компанийн “Боинг” онгоц газардсан юм. Тус онгоц нь карго буюу ачаа тээврийн зориулалттай БНСУ руу ниссэн байх магадлалтай бөгөөд харин тус нислэгээр цөөн тооны хүмүүс манай улсад ирсэн юм. Тус онгоц газардсаны дараа хүн тээврийн хоёр том автобус мөн 2-3 хүн тээврийн жижиг автобус нисэх зурваст нэвтэрч, гадна талд нь цагдаагийн хамгаалалт гарсан байв.

ВИДЕО БАРИМТ: 

Ингээд шөнийн 02:00 цагийн орчимд тус автобуснууд цөөн тооны иргэдийг тээвэрлэн цагдаагийн хамгаалалт дор нисэх буудлаас гарч явсан юм. Харин том автобусанд хүмүүсийг хоорондын зай бариулж хол, хол суулгасан нь харагдаж байв. Мөн цувааны эхэнд яваа цагаан өнгийн автобусанд гадаадын байж болзошгүй иргэд арын суудалд нь суусан харагдсан юм. Энэ үеэр манай сурвалжлах баг тус үйл явдлын зураг, дүрс бичлэгийг баримт болгон авч чадсан. 

-ЦӨӨН ТООНЫ ИРГЭДЭД ДАВУУ ЭРХ ЭДЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЭН ӨГӨВ-

Тус нислэг Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэхээс нь өмнө зарим хүмүүс онгоцонд суухаар билетээ бичүүлж буйг БНСУ-д байгаа иргэд баримтжуулж олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Учир нь БНСУ-д гацсан эх орондоо ирэх хүсэлтэй жирийн иргэд тус улсад хөдөлгөөн өрнүүлж, өлсгөлөн зарлаад байгаа билээ. Учир нь тэд 2020 оны арван нэгдүгээр сарын нислэгээр эх орондоо ирэхээр онгоцны билетээ захиалсан ч хөл хорионы улмаас тусгай үүргийн нислэг  тодорхойгүй хугацаагаар цуцлагдаж, тэд эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа юм. 

БНСУ-д гацсан иргэд тэмцэл өрнүүлж эхлэв

Иймд өнгөрөгч шөнө ямар хүмүүс давуу эрх эдлэн, МИАТ-ын карго нислэгт багтаж ирэв. Цаашлаад тэднийг авч ирэх зөвшөөрлийг МИАТ компанид хэн өгөв, хэн хөл хорионы дэглэм болон холбогдох хуулийг зөрчив гэдэгт Засгийн газар, УОК-оос тайлбар мэдээлэл өгөх шаардлага үүсээд байна.