Nvidia компанийн өндөр хүчин чадалтай хиймэл оюун ухааны чипүүдийг Хятад руу нэвтрүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж буй Сингапурын Megaspeed компанийн удирдлагын албан тушаалаас Алис Хуан 2025 оны наймдугаар сард гарсан гэж тус компани мэдэгджээ.
Алис Хуаныг Хятадын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бөгөөд түүний Megaspeed компанийн үйл ажиллагаанд үзүүлж байсан нөлөө, Nvidia-тай холбоотой харилцаа нь АНУ-ын экспортын хяналтын асуудлыг дахин хөндөхөд хүргэж байна. Сингапурт төвтэй Megaspeed компани ням гарагт дотоод шалгалт эхлүүлснээ мэдэгдсэн байна. Тус компани өөрийн бизнес, нийлүүлэлтийн сүлжээ болон олон улсын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтаар батлагдаагүй мэдээллүүд гарч байгааг дурджээ.
Мөн хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг гэдгээ мэдэгдэж, хараат бус хуулийн зөвлөхүүдээр нарийвчилсан шалгалт хийлгэж байгаагаа онцолсон байна.
Харин Вашингтонд төвтэй аюулгүй байдлын судалгааны C4ADS байгууллагын мэдээлснээр, Алис Хуан 2023 оны сүүлчээр Megaspeed-ийн захирлын албан тушаалаас буусан ч компанийн үйл ажиллагаанд бодит нөлөөгөө хадгалсан байж болзошгүй аж. Түүнийг 2025 оны хоёрдугаар сард Сингапурын эрх баригчид тус компани болон бусад байгууллагатай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шалгасан байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Конгрессын гишүүн Жон Мулленаар Nvidia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг Конгрессын холбогдох хороодын өмнө мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Уг уулзалт хаалттай хаалганы цаана болох төлөвтэй байгаа бөгөөд товыг эцэслэн тогтоогоогүй байна. АНУ-ын хууль тогтоогчид Nvidia-гийн өндөр хүчин чадалтай хиймэл оюун ухааны чипүүд экспортын хязгаарлалтыг зөрчин Хятадын компаниудад хүрсэн эсэх, Megaspeed-ийн Зүүн Өмнөд Азийн дата төвүүдээр дамжуулан эдгээр чипэд нэвтрэх боломж олгосон эсэхийг шалгаж байгаа юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Megaspeed компанийг хоригт хамруулах асуудлыг хэд хэдэн агентлаг дэмжиж байсан ч эцсийн шийдвэрийг Худалдааны яам гаргах эрхтэй байсан гэж мэдэгджээ. Харин Сингапурын эрх баригчид тус улсын компаниуд бусад улсын экспортын хяналтын шаардлагыг хүндэтгэн ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Хятад улсын зүгээс Алис Хуаныг тагнуултай холбоотой гэх хардлагыг няцааж, АНУ-ыг энэ асуудлыг хиймэл оюун ухааны технологид хязгаарлалт тогтоох шалтаг болгохгүй байхыг анхааруулжээ. Одоогоор Алис Хуаныг Хятадын тагнуул гэдгийг нотолсон албан ёсны дүгнэлт гараагүй бөгөөд Megaspeed компанийн дотоод шалгалт болон АНУ-ын Конгрессын холбогдох ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC