ЗӨВЛӨМЖ: Газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

ЗӨВЛӨМЖ: Газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

Та бүхэнд газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна. 

ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХЫН ӨМНӨ

  • Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах,
  • Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх,
  • Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг
  • Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх,
  • Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх,
  • Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох,
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших,
  • Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах,
  • Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох,
  • Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх,
  • Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах,
  • Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах,
  • Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх,
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох,
  • Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах,
  • Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх,
  • Галын хор ашиглаж сурах,

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй,
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх,
  • Бат бөх ширээн доогуур орох,
  • Цонхноос хол байх,
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх,
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага,

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох,
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй,
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох,
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх,
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах,
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй,
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжилох

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах,
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах,
  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах,
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй,
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх,
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах,
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах,
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй,
  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх,
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  • Гал гаргаж болохгүй,
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах,
  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх,
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх,
  • Цахилгаанаа яаран бүү залга,
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах.