Индонезийн далайд осолдсон онгоцны хар хайрцгийг гарган авчээ

Индонезийн далайд осолдсон онгоцны хар хайрцгийг гарган авчээ

Индонезийн нийслэл Жакартагаас хөөрсөн 62 зорчигчтой “Боинг 737” онгоц энэ сарын 9-ний өдөр сураггүй болж, тун удалгүй далайд осолдсон нь тогтоогдсон билээ. Тэгвэл эрлийн баг тус онгоцны хоёр хар хайрцагны нэгийг нь далайн гүнээс гарган авчээ. Гэхдээ нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурыг олоогүй, үргэлжлүүлэн хайж байгаа аж.

Нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурыг олсноор ослын шалтгааныг олж мэдэх түлхүүр болно хэмээн эрх баригчид найдаж байна.

Тус онгоц нь нийслэл Жакартагаас Борнео арлын Понтианак хотын чиглэлд долоон хүүхэд, гурван нярай багтсан 62 хүнтэйгээр ниссэн. Индонезийн эрх баригчид ослоос амьд гарсан хүн байх магадлал маш бага байна гэж мэдээлсэн. Учир нь өнгөрсөн ням гарагаас эхлэн зорчигчдын цогцос нэг нэгээрээ олдож эхэлсэн юм.

Тус улсын Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо (KNKT)-оос гаргасан  урьдчилсан дүгнэлтээр онгоц бямба гарагт орон нутгийн цагаар 14:36 цагт 3,3 км өндөрт хүрч, дараа нь нэг км-т хүрээд огцом унасан байна. Далайд унах хүртэл хар хайрцагны бичлэг, дуу хураагуур ажиллаж байсан гэж албаныхан үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC