Үндэсний гвардын мянга гаруй цэрэг өчигдөр Конгрессийн ордныг манаж хоножээ

Үндэсний гвардын мянга гаруй цэрэг өчигдөр Конгрессийн ордныг манаж хоножээ

Өчигдөр /2021.01.13/ АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 232 нь уг саналыг дэмжсэн билээ. Одоо Ерөнхийлөгчийг шүүх ажиллагааг Сенатын танхим гүйцэтгэх юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн суудлаас огцорно.

Ингэснээр тэрээр АНУ-ын Үндсэн хууль батлагдсанаас хойш 230 гаруй жилийн түүхэнд гэм буруугаа хоёр удаа шүүлгэсэн анхны Ерөнхийлөгч боллоо. Одоо Дональд Трампын хувь заяаг Конгрессийн дээд танхим болох Сенат шийднэ. Сенат дахь Бүгд Найрамдах Намын бүлгийн дарга Мич Макконел шүүх ажиллагааг энэ долоо хоногт багтааж эхлүүлсэн ч эцсийн шийдвэр шинэ ерөнхийлөгч Жо Байденыг тангараг өргөсний дараа гарна гэж мэдэгджээ. Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр гарч болзошгүй үймээн самуунаас сэргийлэн Вашингтонд онц байдал зарлан үндэсний гвардын цэргүүдийг оруулж ирээд байгаа бөгөөд өнгөрсөн шөнө Үндэсний Гвард буюу дотоодын цэргийн алба хаагчид болзошгүй эрсдэлээс хамгаалан Конгрессийн ордныг манаж хоножээ.

Тус улсын эрх баригчид ирэх долоо хоногт болох шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өргөн хүрээний эсэргүүцэл гарч магадгүй байгаа учир Үндэсний Гвардын цэргүүдийг нийслэл Вашингтон болон ойролцоох хотуудад байршуулах шийдвэр гаргасан юм. Бямба гариг гэхэд Вашингтонд 10 мянган цэрэг оруулах бол тангараг өргөх өдөр хүртэл нийт 20 мянган цэргийг байрлуулах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: New York Times