БНХАУ-ын тэрбумтан Жэк Ма гурван сарын дараа олны өмнө гарч иржээ

БНХАУ-ын тэрбумтан Жэк Ма гурван сарын дараа олны өмнө гарч иржээ

БНХАУ-ын тэрбумтан Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард Бээжингийн санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ хойш хэдэн сар харагдахгүй, алга болсныг олон улсын хэвлэлүүд анзаарч, энэ талаар мэдээллэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөө БНХАУ-ын хөдөө орон нутгийн шилдэг 100 багштай цахим хуралдаан хийж олон нийтийн өмнө ил гарч иржээ.

“Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма алга болсон гэх цуу яриа гарсантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд олон улсын бизнесмэнүүд түгшиж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард Шанхайд илтгэл тавихдаа улсын санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай хэмээн ярьснаасаа хойш долоо хоногийн дараа Жэк Ма олны нүдэнд огт харагдалгүй алга болсон юм.

Харин өнөөдөр өглөөний хурлын үеэр Жэк Ма өөрийн санаачилсан “Jack Ma Foundation” сангаараа дамжуулан орон нутгийн шилдэг сурган хүмүүжүүлэгчдийг цар тахлын дараа Хайнань арлын Санья хотод цуглуулж, шагнах тухай мэдэгджээ. Түүний санаачилсан “Jack Ma Foundation” сан жил бүр орон нутгийн шилдэг багш нарыг шагнадаг уламжлалтай аж.

Эх сурвалж: Global Times