Д.Трамп Цагаан ордонг орхин явж, Жо Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо

Д.Трамп Цагаан ордонг орхин явж, Жо Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо

Өнөөдөр /Улаанбаатарын цагаар 01.00 цаг/ АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден албан үүргээ хүлээн авлаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 12.00 цагт эхэлсэн бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны хатуу хамгаалалт бүхий тангараг өргөх ёслол болж өнгөрлөө. 

-Д.ТРАМП: БИ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ЭРГЭН ИРЭХ БОЛНО-

Трамп, эхнэр Меланья Трампын хамт Цагаан Ордноос явж буй нь

Сонгуулийн үр дүнг удаан хугацаанд эсэргүүцэж байсан ч эцэст нь Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрсөн Д.Трампын Цагаан Ордноос явахдаа хэлсэн үг олон хүний анхаарлыг татсан юм. Учир нь тэрээр  Флорида руу нисэх бэлтгэлээ хийж байхдаа дэмжигчдэдээ хандан "Та бүхний Ерөнхийлөгч байх нь маш их нэр төрийн хэрэг байлаа. Би ямар нэгэн байдлаар эргэн ирнэ гэдгээ тангараглаж байна” гэсэн юм. 

Д.Трамп эхнэр Меланья Трампын хамт Цагаан Ордноос Ерөнхийлөгчийн тусгай нисдэг тэргээр хөөрч, Вашингтон хотоос холгүй орших  Мэрилэнд мужийн нутаг дэвсгэрт орших “Andrew”-ийн цэргийн баазын нисэх буудалд очсон юм. Үргэлжлүүлэн нисэх буудлаас олон нийтэд хандаж Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн үдэлтийн үгээ хэлж тусгай нисэх онгоцоор Флорида муж дахь өөрийн эдлэн газарт очжээ. 

Ерөнхийлөгчийн хувиар хэлсэн үдэлтийн үгэндээ тэрээр цаашид ажлын байр бий болгох, "Сансрын хүчин" байгуулах, татварын бодлого, мөн Ковидын вакциныг хурдан хугацаанд хөгжүүлэх ажлуудад анхаарах хэрэгтэйг сануулахын зэрэгцээ өөрийн хийсэн ажлуудын ололт амжилтыг онцолсон юм.

Мөн цар тахлын арга хэмжээнд маш болгоомжтой байхыг уриалж, зовж шаналж буй, халдварын улмаас дотнын хүнээ алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэхийг хүсжээ.

Эцэст нь тэрээр 140 гаруй хүнд өршөөл үзүүлснээ онцлон "Шинэ засаг захиргаандаа өндөр амжилт хүсье" гэж хэлжээ. Ийнхүү Д.Трамп 1869 оноос хойш дараагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцоогүй анхны ерөнхийлөгч болсон юм. 

-АНУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХАТУУ ХАМГААЛАЛТ БҮХИЙ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ-

Тангараг өргөх ёслолын үеэр Капитолын Ордон

Энэ сарын эхээр Капитолын Ордонд болсон үймээний улмаас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хатуу хамгаалалт дор өрнөв. Аюулгүй байдлыг хангах үүднээс ёслолын ажиллагаанд оролцох иргэдийн тоог эрс багасгасан тул Капитолын өмнөх талбайд АНУ-ын 20 мянга гаруй туг далбааг босгосон байв. Вашингтон ДС хотыг бүрэн хааж 25 мянган Үндэсний гвардийн албан хаагчид бүхий л талаар /агаар, ус болон газраар/ хамгаалж байсан нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал боллоо. 

Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа Байденд албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тул тангараг өргөх ёслол эрт дээр үеийн жишгээс арай өөрөөр хийгдсэн юм.  Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхий шүүгч Жон Робертсоос тангарагаа хүлээн авч уншсаныхаа дараа "Ардчилал яллаа" хэмээн хамгийн түрүүнд хэлжээ. 

Үүний дараа тэрээр ард түмэндээ хандаж Ерөнхийлөгчийн хувиар анхны үгээ хэлэв. Тэрбээр “Өнөөдөр түүх ба итгэл найдварын өдөр байлаа. Миний сэтгэл бүхэлдээ Америкийг дахин нэгтгэхэд оршиж байна. Үймээн самуунтай жилүүдийн дараа /Трампын засаглалын үеийн/ бүх Америкчуудын төлөөх ерөнхийлөгч байх болно. Тэр дундаа түүний эсрэг санал өгсөн хүмүүсийн урмыг хугалахгүй” хэмээн хэлсэн байна. 

Жо Байден тангараг өргөж буй нь

Ёслолын үйл ажиллагаан оролцсон онцлох хүмүүсийг нэрлэвэл Барак Обама, Билл Клинтон, Жорж В.Буш нар, мөн Трампын дэд ерөнхийлөгч Майк Пенс байлаа. Мөн нэрт дуучин Лэди Гага АНУ-ын Төрийн дууллыг дуулж, Женнифер Лопес, Гарт Брукс нар ч өөрсдийн үзүүлбэрийг толилуулжээ.  

Үүний дараа Жо Байден Парисын уур амьсгалын өөрчлөлт, ДЭМБ гишүүнчлэл сэргээх, халдвартай тэмцэх тэргүүтэй шийдвэрт гарын үсэг зурсан юм. Ингэснээр тэрбээр Ерөнхийлөгчийн байр суурьнаас анхны шийдвэрүүдээ гаргасан гэж хэлж болно. Харин эдийн засгийн асуудалтай холбогдсон багц асуудлуудыг маргааш /2021.01.22/ шийдвэрлэж, гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж Цагаан Ордны шинээр томилогдсон нарийн бичгийн дарга мэдээлжээ. 

Хүмүүсийн хамгийн их сонирхож буй зүйл бол Д.Трампын Жо Байденд үлдээсэн захидал. Уламжлал ёсоор өмнөх Ерөнхийлөгч дараагийн Ерөнхийлөгчдөө захидал бичиж үлдээдэг. Харин энэ талаар Жо Байден “Д.Трамп маш өгөөмөр захидал бичсэн. Гэхдээ хувийн шинжтэй зүйл байсан тул би түүнийг хэлэхээс нааш энэ талаар ярихгүй” гэжээ.  

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол сүр дуулиантайгаар зохион байгуулагдаж, Ардчилсан намаас нэр дэвшигч өдгөө 78 настай Жо Байден тус улсын 46 дахь Ерөнхийлөгч албан ёсоор боллоо. 

Тангараг өргөх ёслолын онцлох зургууд