Д.Мөнхбат: Намайг Зөрчлийн тухай хуулиар торгож, ахин Эрүүгийн хэрэг үүсгэсэн

Д.Мөнхбат: Намайг Зөрчлийн тухай хуулиар торгож, ахин Эрүүгийн хэрэг үүсгэсэн

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Энхсаран” гэх сувилалд тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрснээр манай улс халдварыг анх дотооддоо алдсан билээ. Харин тус сувиллын газарт халдвар, хамгааллын дэглэм алдагдаж, коронавирус тархах нөхцөл бүрдсэн гэсэн шүүмжийг иргэд цахим орчинд өрнүүлэх болсон.

Үүнтэй холбоотойгоор “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат тус сувиллын газрын эрүүл, ахуй халдвар хамгаалалтын дэглэмийн талаар анх олон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм.

Үүний дараа УОК-ийн удирдлагуудын зүгээс халдвар хамгааллын дэглэм алдаж, вирус тархах нөхцөл бүрдүүлсэн тус сувиллын эздэд хариуцлага тооцох болсон талаар мэдэгдсэн. Өдгөө энэ асуудалтай холбоотойгоор 10 гаруй хүнийг шалгаж буй.

-ИРГЭН Д.МӨНХБАТ “ЭНХСАРАН” СУВИЛАЛД ТУСГААРЛАГДАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХУЛГАНЫ ХОРОНД ХОРДОЖ МӨН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ ХӨСҮТ-Д ИРЖЭЭ-

Харин иргэн Д.Мөнхбат тухайн үед өөрийн цахим хуудсаар "БНСУ-аас коронавирусийн халдваргүй ирсэн ч “Энхсаран” сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан" тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр “Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж халдвар тархсан байх магадлалтай бөгөөд нийт 20 гаруй хүн халдвар авч ХӨСҮТ-д хүргэгдэн ирээд байна” гэж байсан юм. Түүний хувьд өнгөрсөн оны аравдугаар сарын 19-ны өдөр БНСУ-аас ирэн “Монголика” гэх зочид буудалд хуваарилагдах байсан ч зочид буудлын нэг өрөөнд 5 болон 9 хүнийг оруулж тусгаарлах гээд байсан тул эсэргүүцэж “Энхсаран” сувилал руу тусгаарлагджээ.

Харин тус сувилалд ирж өрөөндөө хоёулаа тусгаарлагдсан ч удалгүй хоол тараадаг байсан ажилтнаас халдвар аван ХӨСҮТ-д хүргэгдсэн байдаг. Тэрээр энэ талаар цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө албан тушаалтнуудад шаардлага тавьсныхаа дараа цагдаад дуудагдаж, гэмт хэрэгтэн болсноо мэджээ. Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлэгдэж гараад удаагүй байтал түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудаж, тайлбар мэдүүлэг авсан байна. Ингэхдээ Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуульд заасан арга хэмжээнүүдийг зөрчсөн гэсэн үндэслэлээр дууджээ. Бид түүнтэй утсаар холбогдон дараах мэдээллийг авсан юм.

-Сайн байна уу, таныг хэзээнээс, ямар үндэслэлээр цагдаагийн байгууллагаас  шалгаж эхэлсэн бэ?

-Сайн, сайн байна уу. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард халдвар аван ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан. Төд удалгүй цагдаагийн байгууллагаас залгаж, ирж шалгуулах шаардлагатай гэсэн юм. Ингээд очиход намайг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэхь хэсэгт зааснаар “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн үндэслэлээр, мөн “Энхсаран” сувиллын хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон талаар мэдэгдсэн.  

-Цахим орчинд таныг 500 мянган төгрөгөөр торгосон гэсэн мэдээлэл тараад байсан?

-Тийм ээ, энэ долоо хоногийн эхээр ийм шийдвэр гарсан. Гэхдээ би өөрийгөө олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл хийсэн гэж бодохгүй байна. Тиймээс ногдуулсан торгуулийг төлөх хүсэлгүй байгаа. Өмгөөлөгчтэйгөө ярилцаад дахин давж заалдахаар болсон.

-“Энхсаран” сувиллын газартай холбогдуулан шалгаж байгаа нь ямар учиртай юм бэ, тус сувиллын газрын эзэд болон бусад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан?

-Тиймээ, өөр хүмүүсийг бас давхар шалгаж байгаа гэсэн. Гэхдээ энэ шалгагдаж дуусаагүй хэрэг учраас олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна, уучлаарай.

-Өөрийн тань хувьд цахим орчинд энэ асуудал дээр нэлээн шүүмжлэлтэй байгаа харагдсан?

-Тийм ээ, зохисгүй асуудлыг шүүмжилж, үгээ хэлж дуу хоолойгоо хүргэж байгаа залуусыг дарах гэсэн үйлдэлд нь үнэхээр харамсаж байна. Залуус бид асуудалд шүүмжлэлтэй хандаж, засч залруулж байх нь ирээдүйд хэрэгтэй.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.