Ч.Чинбат: “Энхсаран” сувилалд хулганаар дамжиж коронавирус тархаагүй нь тогтоогдсон тул иргэн Д.Мөнхбатыг торгосон

Ч.Чинбат: “Энхсаран” сувилалд хулганаар дамжиж коронавирус тархаагүй нь тогтоогдсон тул иргэн Д.Мөнхбатыг торгосон

Сүүлийн үед сошиал нийгмийн сүлжээгээр тусгаарлах байранд байсан, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаад гарсан иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаагийн байгууллага, алба хаагчид шийтгэл оногдуулсан гэх мэдээлэл гараад байгаа талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өгчээ.

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат "Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад халдварт өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт эмчлүүлж байсан Д.Мөнхбат гэх иргэний холбогдох мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цагдаагийн байгууллагын холбогдох нэгжид ирүүлсэн.

Тухайн иргэн тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавирус тархсан гэсэн мэдээллийг гаргасан. Энэ асуудлыг цагдаагийн алба хаагчид шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 1 дэх хэсэгт заасан коронавируст халдвар буюу аюул, осол гамшгийн үед бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараасан гэж үзээд нэгдүгээр сарын 18-ны өдөр түүнд шийтгэл оногдуулсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлээд шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан юм. Тухайн иргэнийг үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө арга хэмжээ, хариуцлага тооцсон зүйл байхгүй" гэсэн мэдээллийг өглөө.