МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинг АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  шалгаж байгаа гэв

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинг АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  шалгаж байгаа гэв

-ТУЛГАН ШААРДАЖ АВСАН МӨНГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ УЧИР САМРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЭСЭРГҮҮЦСЭН-

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ тэргүүн О.Амартүвшинг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, МҮХАҮТ-ын дэргэд “Самрын кластерын хөгжлийн сан” байгуулж, энэхүү санд хуш модны самрын бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн тус бүрийн кг тутамд 3000 төгрөгийн хураамжийг авах шийдвэрийг гаргасантай нь холбогдуулан түүнийг шалгаж эхэлжээ. Самар экспортлогч аж, ахуй нэгжүүд түүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсаны дагуу ийнхүү шалгаж байгаа аж.

МҮХАҮТ-аас өнгөрсөн аравдугаар сарын 8-нд А/82 тушаалыг гаргаж “Самрын кластерын хөгжлийн сан” байгуулах, түүний бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг тогтоосон. Үүний дараа экспортлох самрын нэг кг тутмаас 3000 төгрөгийн хураамж авна гэж шийдвэрлэсэн байдаг. Тус мөнгийг дээрх санд байршуулсны дараа буцаагаад самрын компаниудын үйл ажиллагаа, хөгжилд зарцуулна гэх үндэслэлийг МҮХАҮТ-аас тайлбарласан гэж буй.

Харин үүнийг самар экспортлогч компаниуд хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж энэ асуудал Улсын онцгой комисс, Засгийн газрын чихэнд хүртэл хүрсэн юм. Самрын компаниуд МҮХАҮТ-д дээрх 3000 төгрөгийг өгч яах гээд байгаа юм. Өөрсдөө гадагшаа экспортлооч гэж хэлэх хүмүүс байж магадгүй. Тэгвэл МХЕГ самрын чөмгийг экспортод хилээр нэвтрүүлэхийн тулд МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ авчир гэдэг байна. Энэ бичгийг самар үйлдвэрлэгчид үнэгүй авдаггүй. Үүгээр нь барьцаалан самрын бизнес эрхлэгч аж, ахуй нэгжүүдээс дээрх 3000 төгрөгийг нэхсэн байх магадлалтай байгаа юм.

Гэтэл МҮХАҮТ-ын тухай хуулиар ч, өөр ямар ч хуулиар МҮХАҮТ ямар нэг байдлаар татвар хурааж авах эрх бүхий байгууллага огт биш. Зөвхөн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар төрийн байгууллагатай харилцах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Санхүүжилт нь гишүүний татвар, иргэд байгууллагын хандив, үйлчилгээний орлого болохоос татвар авах эрх байхгүй аж.

Тиймээс самрын бизнес эрхлэгчид хуулийн байгууллага, Засгийн газарт хандсаны дагуу МҮХАҮТ-д анхааруулга очиж улмаар уг үйл ажиллагаагаа зогсоосон  байна.

-Б.СОРОНЗОНБОЛД: НЭЛЭЭН ОЛОН КОМПАНИ МҮХАҮТ-ААС ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ АВЧ  ЧАДАХГҮЙ ЗУТРААД БАЙНА-

Энэ талаар Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо ТББ-ын тэргүүн Б.Соронзонболд “Бид нэлээн хөөцөлдөж гүйсэн. Саяхан Засгийн газраас танхимд анхааруулга хүргүүлсэн. Үүний дараа МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргаж энэ удаадаа хураамж авахгүй хуучных шигээ зохион байгуулалтад оруулсан. Гэхдээ энэ үйл ажиллагаа дахин давтагдаж магадгүй. Хэрвээ давтагдвал самар экспортолж буй аж, ахуй нэгжүүдийн байгуулсан гэрээ, цаг хугацаа гээд бүх зүйлийг уландаа гишгэнэ гэсэн үг. Сая самраа хэзээ нийлүүлэх нь хамаагүй кг тутам 3000 төл гэж шууд шахсан. Цаашид ингэж шахвал уулнаас самар түүсэн иргэдэд очих мөнгө ч багасна.

Харин компаниуд гэрээний алданги, цаг хугацааны алданги мөн нэр хүндээрээ хохирно. Тиймээс самар экспортлогч аж, ахуй нэгжүүд нэгдсэн байр, суурьтай, нэгдмэл бодлоготой байхаар тогтсон. Татвар хураамжийг төрийн байгууллагаас тогтоох ёстой болохоос төрийн бус байгууллага тогтоохгүй. Энэ нь хууль бус үйл ажиллагаа. МҮХАҮТ-аас бидэнд урьдчилж мэдэгдээгүй, уулзаагүй байж яг самраа экспортод гаргах үед мөнгө авна гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч нь ийм асуудал тавьж, манлайлж гүйж ТББ-ыг танхимынхаа дэргэд байгуулаад мөнгө авна гэсэн л юм ярьсан. Түүнээс танхим тодорхой хуультай. Гэхдээ энэ хүмүүсийн амбиц цаашид яаж ч мэдэх учир бид бэлтгэлтэй байхаар шийдсэн. Арай ч биднээс мөнгө авахгүй байх гэж бодтол шууд нэхсэн. Нэгэнтээ авахаар шийдсэн учир өгье гэхдээ арай бага мөнгөн дүнгээр тохирохоор оролдсон ч бүтэлгүйтсэн. 

Энэ жил нөхцөл байдал хүнд байна. Зах зээл дээр үнэ тогтворгүй байсан. Тиймээс багахан хэмжээний мөнгө аваач. Дараа нь мөнгөө нэмж өгье гэж тохиролцох гэсэн боловч үр дүнд хүрээгүй, бидний саналыг хүлээж аваагүй. Энэ шахалтад орсон нэлээд компани нийлээд бараг 2 тэрбум төгрөг төлчихсөн буцааж авч чадахгүй хохирчхоод байна. Компаниуд нэр хүндээ бодоод хугацаандаа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд алдагдалтай ч хамаагүй ажилласан. Бид нарын зүгээс дээрх нэхсэн мөнгийг өгөхгүй байхыг анхааруулсан ч зарим компаниуд цаг хугацаандаа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд аргагүйн эрхэнд өгсөн байна лээ. Бид самрыг авахдаа улсад өчнөөн тэрбум төгрөг тушаадаг. Тэр мөнгө нь ойн цэвэрлэгээ, татвар хураамж гэж ангилагдаад төлөгддөг. Гэтэл яг адилхан шалтгаанаар давхардуулж МҮХАҮТ-аас авна гэсэн” гэж ярив.