ЗӨВЛӨГӨӨ: Цар тахлаас үүдэлтэй нойргүйдэл буюу “КОВИД-СОМНИА”-г даван туулах талаар эрдэмтэд юу хэлэв

ЗӨВЛӨГӨӨ: Цар тахлаас үүдэлтэй нойргүйдэл буюу “КОВИД-СОМНИА”-г даван туулах талаар эрдэмтэд юу хэлэв

Цар тахлаас үүдэлтэй олон нэр томъё хүн төрөлхтний хэрэглээнд шинээр нэвтэрсэн. Эдгээрийн нэг нь “ковид-сомниа”, “коронасомниа”/сoronasomnia, сovid-somnia/ буюу цар тахлаас үүдэлтэй нойргүйдэл юм. 

-“КОВИД-СОМНИА” ҮҮСЭХ ШАЛТГААН ЮУ ВЭ-

Хүн шөнийн цагаар 7-8 цаг унтах шаардлагатай байдаг бөгөөд энэ хугацаанд бат бөх амрах нь чухал юм. Ингэж чадахгүй байхыг “нойрны хямрал” гэж нэрлэдэг.  Нойрны хямралын нэг түгээмэл шинж тэмдэг нь “нойргүйдэл”. Энэ нь шөнө нойр хүрэхгүй байх, бага цагаар унтаад  сэрэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Нойргүйдэл нь сэтгэцийн байдлыг шууд илэрхийлдэг бөгөөд зургаан сараас дээш хугацаанд нойрны асуудалтай явахыг “нойрны эмгэг” гэж үздэг. Тэгвэл дэлхийн олон оронд цар тахлаас үүдэлтэй нойргүйдлээр өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсэн бөгөөд Их Британид гэхэд л өмнө нь зургаан хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байсан бол Саутгемптоны Их Сургуулийн хийсэн судалгаагаар 2020 оны наймдугаар сард энэ тоо дөрвөн хүн тутмын нэг болж өсжээ. Мөн БНХАУ-д өнгөрсөн онд нойрны эмийн борлуулалт хамгийн өндөр байсан аж. Үүгээр ч зогсохгүй “Нойргүйдэл” гэдэг үгийг 2020 онд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр олон удаа Google-ээс хайжээ.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар халдвар тархахаас өмнө дэлхийн нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорионы улмаас 38 хувь болж өсжээ. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй гэсэн үг юм. 

Саутгемптоны Их Сургуулийн эрдэмтэд “ковид-сомниа” үүсэх хоёр хүчин зүйлийг нэрлэсэн байна. 

  • Нэгдүгээрт. Цар тахлын улмаас үүссэн стресс, сэтгэл түгшлээс үүдэлтэй нойргүйдэлт. Олон хүн энэ төрлийн нойргүйдэлтэй тэмцэх байгаа аж. Учир нь хөл хорионы үеэр удаан хугацаанд зайнаас ажиллах, гадуур чөлөөтэй явж стрессээ тайлж чадахгүй байх, гэртээ удаан хугацаагаар “хоригдох” нийгмээс тусгаарлагдах, ажлаа алдаж санхүүгийн чадваргүй болох, үүндээ санаа зовох, тэр байтугай ковид-оос айх нь ч хүртэл энэ төрлийн нойргүйдлийг үүсгэх үндсэн хүчин зүйл болдог гэжээ. 
  • Хоёрдугаарт. Утас, компьютерийн хэрэглээнээс үүдэлтэй нойргүйдэл. Цар тахлын улмаас гэртээ хөл хорионд орсон хүмүүс интернет орчинд цагийг өнгөрөөж, кино үзэх, видео тоглоом тоглох, виртуал аялал хийх нь түгээмэл болсон. Гар утас, таблет, зурагт ашиглаж ихэнх цагийг өнгөрөөх нь энэ төрлийн нойргүйдлийн гол шалтгаан болдог аж. Хачирхалтай нь ялангуяа бага насны хүүхдүүд энэ төрлийн нойргүйдэлд өртөж эцэг эхчүүд хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө авах нь ч ихэссэн байна.

Эдгээр үндсэн хоёр хүчин зүйлээс гадна амьдралын хэв маяг өөрчлөгдөж хэвийн амьдралын горим алдагдах, биологийн процессд өөрчлөлт орох, алхаколны хэрэглээ нэмэгдэх, хөдөлгөөний дутагдалд орох нь нөлөөлдөг аж. 

-“КОВИД-СОМНИА” ЯМАР СӨРӨГ ҮР ДАГАВРУУДЫГ ҮҮСГЭДЭГ ВЭ-

Цар тахал, хөл хориотой холбоотой сэтгэл зүйн асуудалд өртсөнөөр нойрны асуудал үүсэж байгаа ба нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр ханахгүй байх,  нойр хүрэхгүй байх, шөнөдөө хэд хэдэн удаа сэрж нойр хулжих эмнэлзүйн шинж тэмдэг түгээмэл илэрдэг байна. Мөн дараах дараах сөрөг шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг аж.

Сэтгэл хөдлөлд автах. Нойр нь тархины сэтгэл хөдлөл удирддаг хэсэгтэй шууд холбоотой байдаг аж. "Тархины амигдал" гэсэн хэсэг хүний айдас болон уур бухимдлыг удирддаг ба хангалттай нойр авч чадаагүй үед амигдал тархины бүрхүүлтэй холбоо тасарч, хүний сэтгэл санаа хяналтаас гарч хянахад хэцүү болдог аж. 

Ой тогтоолт муудах. Хүний нойр багасахад тархины тогтоох болон суралцахад нөлөөлдөг хэсэг мэдрэлийн эсүүдтэй холбоо тасарч хүн мартамхай болдог аж. Хэрэв нойргүйдэлтэй удаан явбал аливаа зүйлийг ойлгоход ч бэрх болно.

Дотоод эрхтэн өвдөх. Хүн өвдсөн үедээ унтахыг л хүсдэг. Хүний дотоод эрхтний тогтолцоо унтаж байх үед өвчинтэй тэмцэлддэг аж. Нойргүйдэх үед биед аюул учирсныг бусад эсүүдэд дамжуулагч молекулууд хорогддогоос гадна биеийн эсэргүүцэх чадварт нөлөөтэй эсүүд цөөрдөг байна. 

Хоолны дуршил нэмэгдэх.Хүн шөнийн цагаар сэрүүн байхдаа өдрийн цагаас илүү өлсдөг байна.Учир нь шөнө унтаагүй байхад “хоол нэхдэг” даавар буюу “грелин” ихээр ялгарч, харин хоол идсэний дараа цадсан гэсэн дохио илгээдэг “лептин” гэгч даавар идэвхгүй болдог. Шөнө идсэн хоол ердийн үеийнхээс 1000 калор илүү байдгаар зогсохгүй шөнө идэх зуршил тун амархан тогтдог нь судалгаагаар батлагджээ. 

Тархины систем доголдох. Нойр багадсанаар эрч хүч бий болгодог “локус сорелюс” нэртэй мэдрэлийн эс аажмаар үхэждэг. Үүгээр ч зогсохгүй тархи хатингаршиж эхэлдэг ба нойргүйдэл нь “алцхаймер”-ийн өвчинтэй шууд холбоотой байдаг.

Үүнээс гадна анхаарал төвлөрөхөө болих, дархлаа муудах, стрессдэх, хий юм харах, эрч хүч, хүсэл тэмүүлэлгүй болох зэрэг сөрөг үр дагавартай аж. 

-“КОВИД-СОМНИА”-Г ДАВАН ТУУЛАХ ТАЛААР ЭРДЭМТЭД ЮУ ЗӨВЛӨВ-

Эрдэмтэд цар тахлын үеийн нойргүйдлийг даван туулах, сэргийлэх дараах аргуудыг хамгийн үр дүнтэй гэжээ. Үүнд:

  • Идэвхтэй дасгал хөдөлгөөн. Эрдэмтэд өдөрт дор хаяж 30 минут дасгал хийхийг зөвлөжээ. Хэрэв хөл хорионы үед фитнессд очих боломжгүй байвал гэртээ хийж болох иог, сунгалтын дасгалууд ч үр нөлөөтэй. Мөн унтахын өмнө булчин суллах, тайвшруулах дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөжээ. Учир нь биемахбод тайвширвал илүү бөх нойрсдог байна. 
  • Зөв хооллох. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүмүүс гэртээ ихэнх цагийг өнгөрөөж буй ч эсрэгээрээ захиалгын хоолны хэрэглээ нэмэгдсэн гэнэ. Тиймээс гэртээ байх хугацаагаа ашиглаж шинэ эрүүл жоруудыг туршихыг эмч нар зөвлөж байна. Мөн нойр сэргээдэг хоол хүнс буюу кофе, хар шоколад, кафейны агууламжтай хүнс, алхакол оройн цагаар хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин ногоон ургамал жимс, эслэг ихтэй хүнс, байцаа, банана, зарим ургамлын гаралтай цай зэрэг нойр хүргэхэд нөлөөлдөг хүнсийг хэрэглэж болно.
  • Хэвийн амьдралын дадал зуршлаа хэрэгжүүлэх. Өглөө босоод ажилдаа явдаг байсан шигээ урьд нь хийдэг байсан зүйлс, амьдралын хэв маягаа гэртээ хэрэгжүүлэх. 
  • Архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах. Дээр дурдсанчлан алхаколны хэт их хэрэглээ нойргүйдлийг үүсгэдэг. Тиймээс аль болох хэрэглэхгүй байх. 
  • Цар тахлын үеийн мэдээ мэдээллийг эрүүл мэндийн албан ёсны эх сурвалжаас авах. Худал, төөрөгдүүлсэн мэдээ мэдээлэл таны дархлааг унагаах хүчин зүйл болдог. Үүнээс гадна халдвар хамгааллын дэглэм баримтлах тал дээр өөртөө хэт эмзэгээр хүлээж авахгүйгээр тайван, энгийнээр хандах нь зүйтэй. Хэт их төсөөлөн бодож, сүржин хандах нь сөрөг стресс үүсгэдэг.
  • Дэлгэцийн хэрэглээг багасгах 
  • Шинэ дадал зуршил хэвшүүлэх. Хөл хориог өөртөө зөвөөр ашиглах буюу шинэ дадал бий болгох, хоббигоо хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, шинэ зүйлс турших зэргээр аль болох идэвхтэй байх нь үр дүнтэй гэжээ.

Нойрны асуудал удаан хугацааны дараа арилдаг.  Гэхдээ тухайн хүний нойрны асуудал ямар цаг үед ямар байдлаас үүссэнээс шалтгаалан хэвийн байдалдаа эргэн орох хугацаа нь өөр өөр байдаг аж. Тодруулбал, дунджаар 1-3 сарын дараа хэвийн байдалдаа ордог гэжээ.

Эх сурвалж: Healthline

 

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө