АНУ-ын сансрын судалгааны хөлөг өнөөдөр Ангараг гараг дээр бууна

АНУ-ын сансрын судалгааны хөлөг өнөөдөр Ангараг гараг дээр бууна

АНУ-ын Сансрын уудмыг судлах агентлагийн/NASA/ хөөргөсөн ээлжит судалгааны хөлөг өнөөдөр Ангараг гарагийн тойрог замд орж, судалгааны төхөөрөмжөө буулгана. Ингэснээр 2021 онд Ангараг дээр судалгааны төхөөрөмжөө буулгаж буй гурав дахь улс болж байна. 

Өнгөрсөн долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират улс “Hope Probe”, БНХАУ “Tianwen 1” нэртэй сансрын хөлгөө улаан гарагийн тойрог замд амжилттай оруулсан билээ. Тус хоёр улсын сансрын хөлөг Ангарагийг зайнаас тандан судлах бол  NASA-ийн илгээсэн “Perseverance Rover” нэртэй өөрөө явагч төхөөрөмж гараг дээр буух болно.

Энэ удаагийн судалгааны нэг гол зорилго нь төхөөрөмжийг буулгасан газарт хөрсний өрөмдлөг хийж тус гараг дээр ямар нэг ургамал ургахад шаардлагатай эрдэс бодис, био ул мөрийг хайж олоход чиглэгдэж байгаа гэж тайлбарлаж байна. Учир нь хөлөг өмнө нь хэзээ ч Ангараг гараг дээр ашиглаж байгаагүй нарийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон юм. 

Уг үйл явц Улаанбаатарын цагаар 19-ны шөнө 02:50 минутын орчимд эхлэх бөгөөд NASA-гийн веб сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтой.

АНУ-ын сансрын агентлаг Ангараг гарагт олон удаа судалгааны төхөөрөмжөө буулгаж байсан арвин туршлагатай. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч асан Д.Трамп “АНУ-ыг Саран дээр сансрын эмэгтэй нисэгчээ буулгасан, мөн Ангараг гараг дээр далбаагаа мандуулсан” дэлхийн анхны улс болгохын тулд “Artemis” сансрын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэхийг тус улсын Конгрессынхоо гишүүдэд хандан уриалж байсан. “Artemis” хөтөлбөрийн хүрээнд АНУ сансрын маш олон судалгааны ажлыг хийх болно хэмээн NASA-ийн эрдэмтэд хэлж байна. 

“Perseverance Rover” Ангараг гараг дээр буух үйл явцыг ЭНД дарж үзэх боломжтой. Мөн NASА-ийн вэб сайт шууд дамжуулна.

Эх сурвалж: Space