“Онгоц нисэхгүй, орлого байхгүй” тул хил нээгдсэний дараа Хөшигийн хөндийн нисэх буудлыг ажиллуулъя гэжээ

“Онгоц нисэхгүй, орлого байхгүй” тул хил нээгдсэний дараа Хөшигийн хөндийн нисэх буудлыг ажиллуулъя гэжээ

Монгол улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй болсон.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тус нисэх буудалд очиж тууз хайчилж, онгоц буулган усан хөшиг цацруулсан сүрт нээлт хийснээс хойш хэдийнэ 1,5 жил өнгөрчээ. Тэгвэл Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд юу саад болж, ямар асуудал тулгарсан талаарх мэдээллийг бид хүргэж байна. 

У,Хүрэлсүх 2019 оны долдугаар сарын 05 ны өдөр нээж байв

-"ОНГОЦ НИСЭХГҮЙ БОЛ ОРЛОГО БАЙХГҮЙ" ТУЛ ХИЛ НЭЭГДСЭН ЦАГТ ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ-

Нисэх онгоцны буудлын барилга, байгууламжийн бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон. Мөн нисэх онгоцны буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр хэрэгжүүлэх Япончууд ч ажлаа эхлүүлэхэд бэлэн аж. Өөрөөр хэлбэл, Концессын гэрээ 2019 оны аравдугаар сараас хүчин төгөлдөр болж Японы тал үйл ажиллааг эхлүүлэхээр ажилласан байна. 

Ингээд 2020 оны долдугаар сард онгоцны буудлын талбайг түрээслэх нээлттэй сонгон шалгаруулалтыг хийж тус оны арванхоёдугаар сардаа багтаан оператор компанийн тендерийг зарлажээ.

Энэ дагуу түрээслэгч аж, ахуй нэгжүүдийг тодруулж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байтал коронавирусийн халдвараас үүдэн манай улс хилээ хааснаар бүх ажил зогссон байна. “Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой болох ажээ. 

Харин үйл ажиллагаа эхэлсэн л бол концессын гэрээний дагуу менежментийг хариуцагч Японы тал Чингис хаан нисэх онгоцны буудалд ажиллаж буй 800 гаруй ажилтныг шууд цалинжуулж, татвар, орлого гэх мэт бусад төлбөрийг төлж эхлэх учраас төлбөрт унахгүйн тулд нисэх онгоцны буудлын ажлыг эхлүүлэхгүй, хүлээлтийн байдалд шилжүүлжээ.

Товчхондоо, онгоц нисэхгүй бол орлого олохгүй учраас Монгол улсыг хилээ нээсний дараа тус нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж Японы тал үзэж байгаа аж. 

Иймд манай улсын хилээ нээсэн даруйд хоёр сарын дотор онгоцны буудлыг ажиллуулах яриа, хэлцлийг хоёр тал хийж, тохирчээ. Сонирхуулахад, компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэнэ гэх мэдээлэл бий. Японы Засгийн газраас энэхүү төсөлд зориулан олгосон нэн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 2019 оноос эхэлж байгаа бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.1-0.2 хувь байхаар тогтсон билээ.

Хөшигийн хөндийн нисэх буудал

-ШИНЭ НИСЭХ БУУДАЛ НИЙТ 32 ОБЬЕКТООС БҮРДЭЖ БАЙНА-

Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэх бөгөөд хамгийн том нь 53 мянган метр кв хэмжээтэй терминал юм. Нислэгийн цамхгийг 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барьжээ. 800 метр кубын багтаамжтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 машины зогсоол, 200 машины дулаан зогсоол зэргийг бариад байна.

Мөн нисэх буудлын зурвасыг бетоноор барьсан бөгөөд манай улсын хамгийн том бетонон байгууламжид тооцогдож байна. Нисэх буудал онцгой объект тул бүх барилга нэмэлт генератортай юм байна. Мөн 1.5 км урт хонгилыг газар доогуур барьжээ. Цахилгаан холбоо, цэвэр бохир усны гэсэн хоёр салаатай хонгил нь манай улсын анхны газар доорх байгууламж аж. 2006 онд эхлүүлсэн энэ төсөл 14 жилийн дараа буюу ЭНЭ ЖИЛ АШИГЛАЛД ИЙНХҮҮ ОРОХ ЭСЭХ НЬ тодорхойгүй байна.