Шинжлэх ухаан технологийн сангаас ноцтой зөрчил илэрсэн тул 2021 оны төсвийг нь танаж таван тэрбумыг хуваарилжээ

Шинжлэх ухаан технологийн сангаас ноцтой зөрчил илэрсэн тул 2021 оны төсвийг нь танаж таван тэрбумыг хуваарилжээ

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Clubhouse платформ дахь “DeFacto club”-ийн ээлжит уулзалтаараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг зочноор урин “Боловсролын чанарын шинэчлэл” сэдвийн хүрээнд дээд боловсролтой холбоотой асуудлаар даваа гаригт /2021.02.23/ ярилцсан.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ноцтой зүйл ярьсан нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, “Монгол Улсад нийт 64 Шинжлэх ухааны хүрээлэн, академи байна. Манай улсад Шинжлэх ухааны хүрээлэн,  их дээд сургууль нь хоорондоо салчихсан. Шинжлэх ухаан технологийн сан байгуулагдсан цагаасаа хойш 190 тэрбум төгрөг зарцуулаад 5,000 судалгаа санхүүжүүлсэн гэж байгаа боловч нэг нь ч амьдралд хэрэгжээгүй. Нэг судалгааны нэрийг гурван удаа өөрчлөөд гурван удаа зээл авсан тохиолдол ч байна” гэж хэлсэн юм.

Тэгвэл нэг судалгааны нэрийг гурван удаа өөрчилж, гурван удаа зээл авсан эрдэмтэн хэн бэ, хэдэн төгрөг авсан гэдэг асуултад хариулт ирж доорх мэдэллийг бэлтгэлээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2019 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал олны шүүмжлэлд өртөж үүнтэй холбоотойгоор Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын тушаалаар Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх санд хөндлөнгийн аудитын шалгалт оруулсан байна. Энэ үеэр Шинжлэх ухаан технологийн санд шалгалт хийхэд ноцтой хэд, хэдэн зөрчил илэрсэн учир бүхий л бичиг баримт, компьютер зэргийг хурааж шууд Сангийн яаманд төвлөрүүлжээ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамныхан чухам ямар төсөлд зөрчилд илэрсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч чадаагүй аж. Энэ дагуу тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа яамны дэргэдэх бүх санд шалгалт хийх, үйл ажиллагааг нь чамбайруулах, цэгцлэх асуудлыг хөндөж Ё.Баатарбилэг, Л.Цэдэвсүрэн нарын үеийг дамнан өнгөрсөн намраас цэгцэрч , үйл ажиллагаа нь хэвийн болж эхэлсэн байна.

Гэхдээ өмнөх судалгаануудын үр дүн харьцангуй бага учир тус сангийн 2021 оны төсвийн танаж таван тэрбумыг л хуваарилсан байна. Уг таван тэрбум төгрөгөөр зөвхөн Засгийн газар хоорондын судалгааг хийх аж. 

Тус сан нь 1997 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд нийт 5000 судалгааг 190 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Гэхдээ үүнээс эдийн засгийн эргэлтэлд орсон нь тун бага гэх албан мэдээлэл байна.