Канадчууд хог хаягдлаа Филиппин рүү хууль бусаар тээвэрлэдэг

Канадчууд хог хаягдлаа Филиппин рүү хууль бусаар тээвэрлэдэг

Филиппиний нутаг дэвсгэр лүү Канадаас их хэмжээний хог хаягдал далайгаар тээвэрлэгдэн орж ирдэг нь өдгөө тус улсад томоохон асуудал болоод буй.  Байгаль экологийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн учир тэд Канадын элчин сайдад уг асуудлаа цэгцлэхийг шаардсан бичиг хүргүүлж, эсэргүүцлийн жагсаал үйлдэж байна.

Тус улсын гадаад хэргийн сайд, өөрсдийн хог хаягдлаа буцааж татах эцсийн хугацааг (тавдугаар сарын 15) Канадчууд тоохгүй өнгөрүүллээ гэдгийг хэлсэн юм.

Чингэлэг чингэлгээр орж ирдэг их хог хаягдлуудын дийлэнхийг гэр ахуйн шинжтэй хаягдлууд эзэлдэг бөгөөд нялх хүүхдийн сольсон бохир живх олон тоогоор байдгийг хэвлэлүүд онцолж байна.

“Өчигдөр орой бид шаардах бичгийг Канадын элчин сайд, консулуудад хүргэж өгсөн” гэж Филиппиний гадаад хэргийн сайд Тедди Локсин өөрийн Твиттер хуудаснаа жиргэжээ. “Канадчууд өөрсдийн хог хаягдлаа буцааж татах эцсийн хугацааг тоолгүй өнгөрүүлсэн. Ийм учраас канад хог хаягдал усан онгоцоор нутаг буцахаас нааш энэ улстай эелдэг дипомат харилцаатай байж чадахгүй”

Японы шинэ хаан өргөмжлөх ёслолын үеэр Филиппиний төлөөлөгчидтэй Канадын төлөөлөгчид уулзаагүй явдалд Тедди Локсин тааламжгүй хандлагатай байгаа бөгөөд, үүнээс болж энэхүү шаардах бичгийг хүргүүлэхээр шийдсэн тухайгаа тэр мэдэгдсэн юм. “Та нар өөрсдийн дүрэмтэй. Дараачийн нислэгээрээ буц даа” гэсэн түүний жиргээ дуулиан дагууллаа.

Филиппиний Манила хот дахь Канадын элчин сайдын яамнаас тодруулга авахад, хог хаягдлаа буцааж авах хүсэлтийг засгийн газартаа хүргүүлсэн байгаа бөгөөд аль болох богино хугацаанд асуудлыг шийдэхийг хичээнэ гэж хариулсан гэдгийг BBC агентлаг мэдээлсэн байна.

-БҮХ ЗҮЙЛ ХЭЗЭЭ ЭХЭЛСЭН БЭ?-

Хамгийн анх 2013-2014 оны хооронд Канадаас усан онгоцонд ачсан чингэлэг бүхий хог хаягдлууд далайгаар дамжин Филиппинд ирсэн байна. Энэ явдлыг эсэргүүцсэн жагсаал 2014 онд хийгдэж байжээ. Манилагийн олон улсын чингэлэг хүлээж авах боомтын ажилчид, дээрх чингэлгүүд гаднаа “дахин боловсруулагдана” гэсэн хаягтай, хуванцар хог хаягдлууд гэсэн нэртэй байсан гэдгийг хэлдэг. Харин дотор нь эсрэгээрээ дахин боловсруулагдах боломжгүй гэр ахуйн хог хаягдлууд байсан байна. Дараачийн удаа 2015 онд дахин гудамжны хог хаягдал агуулсан чингэлгүүд Филиппиний эрэгт хүрчээ.

2016 онд Филиппиний засгийн газар шүүхэд хандаж, эдгээр хог хаягдлуудаа буцаан тат гэх шаардлагыг тавихад Канадчууд эергээр хүлээж авч байсан боловч, ямар нэг бодит үйлдэл хийгээгүй юм.

Дэлхий дээрх хог хаягдлын дайн зөвхөн Филиппин Канад хоёр улсын хооронд болдоггүй. Өндөр хөгжилтэй орнууд хортой болон хоргүй хог хаягдлуудаа усан замаар тээвэрлэж ядуу буурай улсуудад хаядаг жишиг тогтсоныг хэвлэлүүд удаа дараа онцолдог. Европын цахилгаан барааны хог хаягдал Африкын жижиг орнуудад хууль бусаар шууд хаягддаг нь тус орны хүн амын эрүүл мэндийг үхлийн аюулд хүргэж байгаа тухай манай сайт үүний өмнө мэдээлж байсан.

Филиппиний гадаад хэргийн сайд ийнхүү Канадыг “Хогийн сав шиг орон” хэмээн цоллож, хүчтэй маргааныг өдөөлөө.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө