М.Батбаяр: “Хүүхдийн төлөө фонд” ТББ-д цугласан хандивын мөнгийг Засгийн газрын санд шилжүүлээгүй байна

М.Батбаяр: “Хүүхдийн төлөө фонд” ТББ-д цугласан хандивын мөнгийг Засгийн газрын санд шилжүүлээгүй байна

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Засгийн газар хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн бол Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг МҮОНТ-ээр шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан.

Тухайн үед энэхүү үйл ажиллагааны талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Тодруулбал, хүүхдийн нэр барьж цуглуулсан хандивын мөнгийг төрийн бус байгууллага /ТББ/-ын дансанд төвлөрүүлсэн улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд ашиглах гэж байна гэх шүүмжлэл өрнөсөн.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан дээрх ажилд Соёлын яам, дэд сайд М.Батбаяр нар оролцсон нь ямар учиртай вэ зэргээр хардаж байв.

Тухайн үед энэ талаар "Хүүхдийн төлөө фонд" гэх арванхоёрдугаар сарын 17-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн НҮТББ-ын гурван хувьцаа эзэмшигчийн нэг, найруулагч Б.Баатар тайлбар өгөхдөө  "Он гараад “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах бэлтгэж байгаа юм билээ. Бас тоглолтыг зохион байгуулахаар гаднын уран бүтээлчидтэй харилцах шаардлагатай байсан учраас ТББ байгуулах шаардлага ч гарсан. Нөгөө талд, тоглолтыг шинэ жилийн үеэр зохион байгуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтаа ч цаг алдалгүй хийх шаардлагатай байсан учраас түр ТББ байгуулсан. Хуулийг нь бэлэн болтол ингэж ТББ үүсгэн зарлаж хуримтлал үүсгэх нь зөв гэж үзсэн. Засгийн газар тусгай сангаа байгуулчихвал энэ мөнгийг шилжүүлнэ. Тэр болтол ТББ-ын дансанд байршуулж байгаа юм” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-ийг батлах ажил аль шатанд явж буй мөн “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ыг татан буулгасан эсэх хандивын мөнгөний асуудлаар Соёлын дэд сайд М.Батбаяраас дараах зүйлийг тодруулав.

-ХҮҮХДИЙН НОМЫН САН, ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ТАСГАНЫ ОВООНЫ ДЭРГЭД ИРЭХ ТАВДУГААР САРД ЭХЛҮҮЛНЭ-

-“Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажил аль шатанд явж байна вэ. Тус хууль УИХ-аар батлагдаж байж “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд төвлөрсөн хандивын мөнгийг Засгийн газрын сан руу шилжүүлэх эрх нээгдэнэ биз дээ?

“Хүүхдийн төлөө фондод цугласан мөнгийг Засгийн газрын тусгай санд шилжүүлээгүй байна. Тусгай сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг энэ оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Засгийн газар хэлэлцэн УИХ-д өргөн барьсан. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталснаар Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөл байгуулагдана. Удирдах зөвлөл байгуулагдсан даруйд цугларсан хандив мөнгийг тусгай зориулалтаар шилжүүлэх юм. Өөрөөр хэлбэл ард түмний хандиваар цугларсан хөрөнгийг зөвхөн Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барих ажилд зарцуулна.

-“Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулснаас хойш иргэд, олон нийтээс дахин хандив өргөсөн үү?

-Хандивын тоглолт зохион байгуулагдсанаас хойш иргэд, аж ахуй нэгжүүдээс хандив цугларсаар байна. Хандив өгөхөөр амласан 300 гаруй иргэн, аж ахуй нэгжтэй холбогдон нарийвчилсан бүртгэлийн ажлыг явуулж байна.  Нийт иргэд, олон нийтээс цугларсан болон амласан хандивыг дөрөв ангилж болно.

Үүнд:

  1.  Мөнгөөр цугларсан хандив
  2. Төр захиргааны 12 байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаар гаргасан уриалга
  3. Мөнгө хандивлах амлалт өгсөн 130 аж ахуйн нэгж, иргэн
  4. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ амласан гэж хувааж ялгаж байна.

Үүнээс жишээ дурдахад “Андын зам констракшн” ХХК 50 сая төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг, үндэсний үйлдвэрлэгч “Айвун жаргалант” ХХК 11 сая төгрөгийн үнэ бүхий барилгын хар, цагаан замаска, иргэн н.Мягмардорж 20 төгрөгийн хүнд машин механизмийн үйлчилгээ, гадна тохижилт, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжээс 15 сая төгрөгийн ажил үйлчилгээ, дотор тохижилтын материал, тавилгын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдээс 7 сая төгрөгийн үнэ бүхий эрх, ном, бичиг хэрэг, хэвлэлийн эрх, хүүхдийн тоглоомтой холбоотой 31 иргэн аж ахуйн нэгжээс 30.3 сая төгрөг мөн хөдөө орон нутгаас таван хошуу мал, газар объект зэргийг амласан хандивуудыг мөнгөн дүнд шилжүүлбэл нийт 378.4 орчим сая төгрөг болж байгаа.

-Тус төслийг ажил хэрэг болгох үүрэг бүхий ажлын хэсэгт хэн, хэн багтаж байгаа вэ?

Засгийн газрын тусгай сангийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газар хэлэлцэн дэмжсэнээр Сангийн удирдах зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байгуулна.

-Хандиваар цугласан хөрөнгөөөр “Хүүхэлдэйн театр”, “Номын сан”-ийн барилгыг барих болон хүүхэд рүү чиглэсэн өөр бусад ажлыг хийх юм. Барилгыг хаана барих вэ?

-Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт буюу Тасганы овооны баруун талд Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барих зориулалтаар 1.1 га газар олгогдсон. Одоогийн байдлаар барилгын зураг төслийн ажил боловсруулах шатандаа байна. Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөл байгуулагдсанаар уг цогцолборын барилга угсралт, ажил гүйцэтгэлийн тендерийг хууль журмын дагуу шалгаруулснаар энэ оны тавдугаар сард ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Барьсны дараа үйл ажиллагааны менежементийг хэн хариуцах вэ?

-Соёлын яамны харьяа “Хүүхдийн номын сан”, “Хүүхэлдэйн театр” зэрэг байгууллагууд үйл ажиллагааг удирдан ажиллана.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.




Өнөөдөр бич өдөр

59 минутын өмнө