Халианд автсан айлуудын нөхцөл байдлыг шийдвэрлэхээр болов

Халианд автсан айлуудын нөхцөл байдлыг шийдвэрлэхээр болов

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороонд усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашаан доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын ай сав газар болон жалга дагуу буусан айл өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, цаг агаар дулаарах үед нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар уг хоёр кузовыг авч, зориулалтын бетон хавтан байрлуулан, гарц хийж, урсацыг хэвийн болгохоор шийдвэрлэлээ.

Дээрх байдлаас хохирсон иргэдэд газар олгох ажлыг дүүргээс зохион байгуулж, нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж, дүүргийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, суваг татаж, урсацыг гол руу чиглүүлэх ажил зохион байгуулж байгаа боловч ай сав газар тул ундарга нь тогтмол нэвчин гарсаар байгаа юм. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн саарал ус Шар хадны үерийн хамгаалалтын суваг руу урсдаг. Тус урсгалын урд хэсэгт амьдардаг айлууд далан дээгүүр нэвтрэхийн тулд хоёр байршилд ЗИЛ-130 машины ачааг хөмөрч тавьжээ. Энэ нь урсацыг сааруулж, халиа дошин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм.