Иргэн Д: “Байцаалтад гарын үсэг зур” гэхэд нь, айсандаа зурчихсан

Иргэн Д: “Байцаалтад гарын үсэг зур” гэхэд нь, айсандаа зурчихсан

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, З.Болдбаатар Булганы аймгийн  шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар хөл хорионы үеэр бөөгнөрсөн, хууль зөрчсөн байж болзошгүй гэх бичлэгт цацагдаад буй.

Энэ үеэр иргэн Д биеэ үнэлсэн байж болзошгүй гэх асуудлаар хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж буй гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл иргэн Д өнөөдөр хэвлэлд өгсөн тайлбартаа “Би тэр өдөр найз Д.Отгонбаатартай очиж уулзсан. Найз нөхөдтэйгөө уулзаад гарахад намайг биеэ үнэлэгч хэмээн гүтгэж, миний нэр хүндэд халдсан. Үүнээс болж миний гэр бүл, найз нөхөд, ах дүү, хамаатан садан нараас маш их дарамт ирж байна.

Өнгөрсөн ням гаригийн өглөөний 09:00 цагт цагдаа хаалга тогшсон. Хаалга онгойлгоход миний утсыг булааж, намайг байрнаас авч гарсан. 11-12 цагийн турш таван байцаагч ээлж дараалан надаас мэдүүлэг авсан.

“Та нар тийм биз дээ”, “Чи тэгж ярих ёстой.  Үгүй бол Эрүүгийн хэргээр шорон сууна” хэмээн айлган сүрдүүлсэн. Би сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамтад байна. Тус мэдүүлэгт миний талаар юу найруулж бичсэнийг мэдэхгүй, “Байцаалтад гарын үсэг зур” гэхэд нь, айсандаа зурчихсан. Тухайн үед надтай хамт очсон хоёр найзыг минь биеэ үнэлэгч хэмээн нэрлэж, доромжилж байгаа” гэжээ.