Авлигын хэрэгт холбогдсон Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид гурван жилийн ял оноожээ

Авлигын хэрэгт холбогдсон Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид гурван жилийн ял оноожээ

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлигын хэргээр гурван жилийн хорих ял оноож, хоёр жилийг нь тэнсэн харгалзах ял болгох шийдвэр гарчээ.  Ерөнхийлөгч асныг албан тушаалаасаа буусны дараа мөрдөн байцаалтын талаар мэдээлэл олж өгсөн шүүгчид хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутгаж буй. Энэ хэрэгт түүний өмгөөлөгч Тьерри Эрзо, мөн Давж заалдах шүүхийн өндөр албан тушаалтан байсан Жильбер Азибер нар шүүгдэж ял сонссон байна.

Саркозийг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  “L'Oreal”  компанийг үндэслэгч Лилиан Беттанкурын охиноос хууль бус санхүүжилт авсан, энэ  талаарх мөрдөн байцаалтын мэдээг Азибераас хууль бусаар авахаар оролдсон гэж шүүх үзжээ.

Түүнчлэн уг мэдээллийнх нь төлөө Саркози шүүгч Азиберт Монако улсад өндөр албан тушаал амлаж байсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон юм. 

Харин Саркозийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн байна. Шүүхийн үйл явц хэдэн жилийн турш үргэлжилж болзошгүй ч Саркози энэ хугацаанд эрх чөлөөтэй хэвээр байх юм. Түүнчлэн түүний эхнэр, супермодель, дуучин Карла Бруни энэ хэргийг "утгагүй явуулга" хэмээн нэрлэж, үнэнийг олохын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Өдгөө 66 настай Саркози нь Францын түүхэнд ял шийтгэгдсэн анхны Ерөнхийлөгчөөр бичигдэж байна. Саркозигийн өмнөх Ерөнхийлөгч Жак Ширакийг Парис хотын захирагч байхдаа холбоотнуудад зориулж хотын захиргаанд хуурамч ажил зохион байгуулсан хэргээр шүүж хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байв.

Эх сурвалж: BBC