Хотын даргын орлогч гэх З.Төмөртөөмөө архидан согтуурч, танхайрсан уу

Хотын даргын орлогч гэх З.Төмөртөөмөө архидан согтуурч, танхайрсан уу

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургаан орлогч, удирдагчтай ажиллах юм. Тухайлбал, 

  • Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Р.Чингис,


  • Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Ж.Сандагсүрэн,
  • Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаарД.Ихбаяр,
  • Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө,
  • Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн,
  • Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нар юм. 

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазарын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж буй З.Төмөртөмөө нь өнгөрөгч хоёрдугаар сар /2021.02/-ын сүүлээр архидан согтуурч, танхайрсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч эхлээд байна. 

Хоёрдугаар сарын 26 ны өдөр нийтлэгдсэн тус мэдээлэлд “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгэн буудлын бааранд З.Төмөртөөмөө болон нэр бүхий албан тушаалтнууд архидан согтуурч, танхайрчээ. Улмаар шөнийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тайлбар мэдүүлэг өгсөн байна” гэжээ. 

Сонирхуулахад, З.Төмөртөөмөө нь СУИС-ийг менежерийн чиглэлээр дүүргэсэн. Г.Занданшатарын Баянхонгор дахь тойргийн асуудлыг бүрэн хариуцдаг. Мөн УИХ-ын даргын ахуйн аахар шаахар асуудлын зохицуулалтын ард дандаа З.Төмөртөөмөө байдаг гэдэг. Тэрээр УИХ-ын даргыг ЗГХЭГ-ын дарга байхад нь л зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн НАМЗХ-ны Пи ар хорооны дарга байж. Улс төрийн карьерийн хувьд ийм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байхад халдашгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан З.Төмөртөөмөө БНСУ-д нэгэн “факт”- д нэр холбогдож байлаа. Тодруулбал, Сөүл хотын Чуннам дүүргийн Цагдаагийн газарт шөнөжин агсам тавиад, өглөөний 7:00 цагт саатуулагдлаа гэсэн мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиантай гэгч нь цацагдсан. Гэтэл “андуурагдсан сугалаа” болж энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийж, залруулж байв. “З.Төмөртөөмөө баригдаж эрүүлжүүлэгдээгүй. Харин Монголоос очсон хүмүүс баригдсаныг суллуулж авсан” гэх үйлдлээсээ үүдэж ийнхүү хэвлэлийн бай болсон “харамсалтай ч гэх үү, хөгжилтэй ч гэх үү” түүхтэй хүн.

Иймд сүүлийн жилүүдэд иргэд зүгээс “төрд ажиллаж байгаа хүмүүсийг өндөр ёс суртахуун, хариуцлагатай байхыг шаардах болсон” тул бид энэхүү мэдээллийг нийтлэв.