“Кино контент хийх гэж аав зарна” гэх зарыг нийтэлсэн хүмүүсийг ЭЦГ-аас шалгаж байна

“Кино контент хийх гэж аав зарна” гэх зарыг нийтэлсэн хүмүүсийг ЭЦГ-аас шалгаж байна

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүний эрхийг зөрчсөн, хүн худалдаалах гэмт хэрэг байж болзошгүй хууль бус зар, мэдээлэл гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн намар “бага насны хүүхдээ өргүүлнэ” гэсэн зурагт мэдээлэл бүхий хэд хэдэн зар тавигдаж, тус үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, зар тавьсан иргэдэд холбогдох хуулийн арга хэмжээг авч байсан юм. 

Тэгвэл олон нийтийн сүлжээнд өнгөрөгч өдрүүдэд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв өвчингүй” гэсэн утгатай зар мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг цочирдуулсан.

Иймд тус мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн алба хаагчид ажиллаж тухайн зарыг тавьсан иргэдийг олж тогтоосон байна. Харин тус зарыг тавьсан хүмүүс “Кино контент хийхээр уг зарыг байршуулсан” хэмээн мэдүүлэг, тайлбар өгчээ. 

Тэгвэл Зар сурталчилгааны тухай хуулиар энэ мэт агуулгатай элдэв сурталчилгааг хориглодог. Тодруулбал, тус хуулийн 6.5.7 –д “айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 7.1 –д “Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна” гэж заажээ. Иймд холбогдох шалгалтын ажил үргэлжилж байна гэж эх сурвалж мэдээлэв. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө