Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нар Ардын хувьсгалын 100 жилийн наадамд барилдана

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нар Ардын хувьсгалын 100 жилийн наадамд барилдана

Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16-д шалгарсан Улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-орших нарт хийсэн шинжилгээнд “допингийн төрлийн бодис” илэрсэн гэж мэдэгдсэн. 

Харин Н.Батсуурь “Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Шинжилгээний хариуг үнэн зөв гэж бодож байна. Миний биеэс примецидан гэх бодис илэрсэн. Энэ нь зүрхний эм бөгөөд Монголд эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалдаг” гэж мэдэгдсэн бол,

Р.Пүрэвдагва “Миний бэртлийн эмчилгээнд хориотой бодис орсон, шинжилгээнээс хориотой эмийн төрлийн бодис илрэхийг мэдсэн бол би монголчуудаа, төрийн наадмаа, бөхчүүдээ хүндлээд энэ жилийн баяр наадамд зодоглохгүй, өнжих байсан” гэж манай сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлсэн. 

Тэгвэл Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нарт холбогдох хэрэг хаагдаж, тэд ирэх жилийн баяр наадамд барилдахаар болсон байна. Тодруулбал, энэ талаар эх сурвалжид, “Бөхчүүдийн хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон байна. Бөхчүүдийн шинжилгээний хариу БНСУ-аас ирэхгүй удсан тул ийм шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлгэрэнгүй шинжилгээний хариу байхгүй учир бөхчүүдийн шинжилгээ мөн, бишийг тогтоох боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн мэдээлжээ.