Эрдэмтэд Их Британиас коронавирусийн шинэ төрлийн мутациар өвчилсөн 16 тохиолдлыг илрүүлжээ

Эрдэмтэд Их Британиас коронавирусийн шинэ төрлийн мутациар өвчилсөн 16 тохиолдлыг илрүүлжээ

Эрдэмтэд Их Британид коронавирусийн өөр нэг шинэ хувилбараар өвчилсөн 16 тохиолдлыг илрүүлжээ. Английн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс уг мутацийг “шалгагдаж байгаа хувилбар” /VUI/ хэмээн нэрлэсэн байна. Уг шинэ мутаци өмнө нь Өмнөд Африк, Бразилд бүртгэгдэж байсан “E484K” мутацитай төстэй бүтэцтэй бөгөөд эрдэмтэд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд анхны тохиолдлыг бүртгэсэн байна. 

Одоогоор уг мутациар өвчилсөн 16 хүнийг олж тогтоосон бөгөөд тэдний ойрын болон хоёр дахь хавьтлуудыг тусгаарлаад байгаа аж. Английн өмнөд хэсэгт байрлах 379 өрхөд тандалт судалгаа эрчимтэй хийж байна.

Мөн уг бүсийн оршин суугчдыг шинж тэмдэг илрээгүй байсан ч шинжилгээнд хамрагдахыг уриалжээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок уг мутаци маш ховор тохиолддог бөгөөд нийт шинжилгээ өгсөн иргэдийн 0.1 хувьд нь л илэрч байна гэж мэдээлжээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын эрдэмтэд“B.1.525” гэж нэрлэгдсэн коронавирусийн өөр нэгэн шинэ хувилбар сэтгэл түгшээж болзошгүй байгаа талаар мэдээлж байв. Тус шинэ хувилбар нь Өмнөд Африкт илэрч буй вирусийн хувилбартай тун төстэй бүтэцтэй аж. Эдинбургийн их сургуулийн судлаачид  уг мутациар Уэльсэд 2, Англид 36 нийт 38 хүн өвдсөн талаарх судалгааг гаргаад байсан. Мөн Дани, Нигери, АНУ зэрэг орнуудад бүртгэгдэж байсан юм. 

Одоогийн байдлаар тус улсын эрдэмтэд төстэй бүтэцтэй ч шинж ч чанарын хувьд ялгаатай вирусийн найман мутацийг илрүүлээд байна. 

Эх сурвалж: BBC