Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан ГССҮТ-д зөвлөх эмч, мэс засалчаар ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан ГССҮТ-д зөвлөх эмч, мэс засалчаар ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эмчийн ажилдаа эргэн орж, хагалгаа хийж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өмнө нь 10 гаруй жил ажилласан Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах, дурангийн мэс засал хийхийн зэрэгцээ зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж.  

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Цаашид эмчээрээ ажиллах сонирхолтой байна" гэжээ. Мөн коронавирусийн халдвар нэмэгдэж буй асуудлаар "Халдвар илрүүлэлтийн хувьд хэнээс шинжилгээ авах, ямар хүнээс үнэгүй, ямар хүнээс төлбөртэй шинжилгээ авах уу гээд лабораторийн хүчин чадлыг зөв тооцоолж шаардлагатай.Одоо сайн дурынхныг PCR шинжилгээнд хамруулах бус халдвар тараах эрсдэлтэй бүлгүүдээс тогтмол шинжилгээ авч, хянах нь чухал. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын эмчилгээний заавар, тактикаа өөрчлөх хэрэгтэй. Цар тахлын эсрэг вакциныг яаралтай хийж эхэлбэл Covid-19 халдвараас илүү өндөр эрсдэл гарч, хүний амь нас хохирч болно шүү дээ. Тэгэхээр вакцинжуулалтын явцыг хурдасгаж болохгүй байх. Ерөнхий бодлогын хувьд алдаа гаргаж болохгүй. Бодит тоон дээр тулгуурласан судалгааг үндэслэж, зохих арга хэмжээг авч чадвал эрсдэл багатай даван туулах боломжтой" гэж зөвлөжээ. 

Т.Мөнхсайханы хувьд Эрүүл мэндийн сайдаар томилогдохоосоо өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр эмнэлгийн захирлаар ажиллаж байв. Мөн Анагаах ухааны магистр, докторант, клиникийн проффессор мэс засалч юм.