Цэргийн аминд хүрсэн салаан даргыг өмнө нь ажлаас нь чөлөөлөх гэж байжээ

Цэргийн аминд хүрсэн салаан даргыг өмнө нь ажлаас нь чөлөөлөх гэж байжээ

Гуравдугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Хохирогчийн биеийн байдал хүнд, тархиндаа цус харвасан ухаангүй байдалтай ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан ч харамсалтай нь нас барсан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар цэргийн аминд хүрсэн дэслэгч Г нь өмнө нь нэг бус удаа сахилгын зөрчил гаргаж байсан төдийгүй зэвсэгт хүчнээс халах тушаалын төсөл гуравдугаар сарын эхээр боловсруулаад байсан аж. Гэвч холбогдох байгууллагын албан тушаалтнууд уг төслийг нь буцааж дахин боловсруулах үүрэг өгснөөр хойшлуулаад байжээ.

Одоогоор дэслэгч Д.Г Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгуулж байгаа бөгөөд шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хориод буй. Уг хэрэг нийгмийг ихээхэн цочирдуулаад байна. Тус ангийн захирагч С.Батболд алба хаагчдаа дагуулан хээрийн сургууль, дадлага хийхээр явсны дараа уг хэрэг болсон гэж эх сурвалж мэдээлж байна.