Энхтайваны гүүрний өндрийн хязгаарлалтыг мөргөсөн ноцтой осол гарлаа

Энхтайваны гүүрний өндрийн хязгаарлалтыг мөргөсөн ноцтой осол гарлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, III хороо, дунд голын замд буюу Энхтайваны гүүр орчимд өчигдөр /2021.03.31/ 21.00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. 

Хэргийн талаар тодруулбал, том оврын ачааны автомашины жолооч машиныхаа өндрийг тооцоолоогүйн улмаас 3.5 метр өндөр хязгаарлалт мөргөсөн байна. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд сонор сэрэмжгүй байдлаас үүдэн дээрх осол гарсныг албаныхан хэллээ. Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй байна. Жолооч өөрөө ч өндрийн хязгаарлалтыг анзааралгүй, тооцоолол алдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өчигдөр шөнө осол гаргасан машиныг тээвэрлэх, замын байгууламжийн засварын ажлууд хийгдсэн байна. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү уг ослын талаар "Жолоочийн биеийн байдал гайгүй. Азаар хүний амь нас эрсдээгүй. Машин нэлээн эвдрэлтэй. Тиймээс жолооч нар анхаарал сэрэмжтэй байх, хурд хэтрүүлэхгүй, машины өндөр болон хязгаарлалтыг тооцож хөдөлгөөнд оролцож байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэв.

П.БАТДАЛАЙ