СУРВАЛЖИЛГА: Э.Энхбатын унтуулгын үйлчилгээ дууссан тул өнөөдөр түүнд нарийвчилсан шинжилгээ хийнэ

СУРВАЛЖИЛГА: Э.Энхбатын унтуулгын үйлчилгээ дууссан тул өнөөдөр түүнд нарийвчилсан шинжилгээ хийнэ

Өнгөрсөн баасан гарагт олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз Э.Энхбатыгаа хэрцгийгээр зодож гэмтээсэн байж болзошгүй ноцтой хэрэг гарсан. Тус хэргийн талаар Э.Энхбат начны гэргий Б.Нандинцэцэг анх өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн бөгөөд үүний дараагаар олон нийт шуугиж эхэлсэн  юм.  

Одоогоор Э.Энхбат начны биеийн байдал тун тааруу ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд Н.Түвшинбаяр Цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа.

Хэрэг гарсан өдөр чухам юу болсон талаар зарим хэвлэлүүд мэдээлж байгаа ч цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа талаараа мэдээлсэн юм.

-ЭМНЭЛГИЙН ГАДАА Э.ЭНХБАТ НАЧНЫ НАЙЗУУД БОЛОХ БӨХЧҮҮД ОЙР ДОТНЫХОН НЬ БАЙСАН БӨГӨӨД НАЧНЫ ААВ, ЭЭЖ ХОЁР ЭМНЭЛГИЙН ЗҮҮН ТАЛД БАЙРЛАХ ОРОН СУУЦНЫ 9 ДАВХАРТ БАЙР ТҮРЭЭСЭЛЖЭЭ-

Бид Э.Энхбат начны хэвтэн эмчлүүлж байгаа газар очиж нөхцөл байдлыг нь сурвалжлан, ар гэрийнхэнтэй нь уулзахаар ГССҮТ-ийг зорилоо. Биднийг очиход ГССҮТ-ийн баруун талд гэр бүлийнх нь болов уу гэмээр хүмүүс байх бөгөөд зарим нь хоёр машинд хуваагдан сууж, зарим нь гадаах саравчинд босон суун байцгаах аж. Мөн начны найзууд болох хэд, хэдэн бөхчүүд ч иржээ.

Тэд начны биеийн байдал хүнд байгаа гэдгээс өөр мэдээллийг өгч чадахгүй гэцгээх бөгөөд ойрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Унтуулгын үйлчилгээ нь шөнө дуусна гэсэн. Өөр мэдээлэл алга, уучлаарай” гэсэн хариултыг өгсөн юм. Тодруулбал, түүний унтуулгын үйлчилгээ өнгөрөгч шөний 02:00 цагт дууссан байна. Ингэснээр түүний цаашдын эрүүл мэндийн байдал яаж өөрчлөгдөх нь тодорхой болох ажээ. Унтуулга гарсны дараа буюу өнөөдөр /2021.04.06/ түүнд нарийвчилсан шинжилгээ хийх юм. Харин Э.Энхбат начны аав, ээж хоёр нь ГССҮТ-ийн зүүн талд байрлах цагаан байрны 9 давхарт байгаа аж.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд хүүгийнх нть бие муудсан өдөр Булган аймгийн Могод сумаас яаран ирцгээсэн гэх ба хүүгийнхээ биеийг тогтворжтол ГССҮТ-ийн гадаа машиндаа хонож байсан аж. Харин өнгөрсөн ням гарагт Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар ГССҮТ дээр очиж Э.Энхбат начны аав, ээжтэй нь уулзсан ба энэ үеэрээ эмнэлгийн зүүн талд байрлах өндөр цагаан орон сууцны есөн давхарт байр түрээслэж өгчээ. Тиймээс тэд хүүгийнхээ биеийг сайжиртал нь ойрхон байрлацгаахаар болсон байна. Биднийг очиход начны аав, ээжтэй уулзаж сэтгэлийн дэм өгөхөөр ирцгээсэн хүмүүс хэд хэд байсан бөгөөд сүүлд нэмэгдэн ирсээр л байлаа.

Харин найзууд болон дүү нар нь ирсэн хүмүүст начны аав, ээж тус байрны есөн давхарт байгааг хэлж өгч байсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Э.Энхбат начин тухайн өдөр эмнэлэгт цус их алдсан, маш хөөрөлтэй ирсэн тул эмч нар биеийн байдлыг нь тогтворжуулахын тулд 72 цагийн унтуулах тариа хийжээ. Улмаар сэргэснийх нь дараа тархины хагалгаа хийх шаардлагатай гэж үзэж байгаа ч начны ар гэрийнхэн хүүгээ Германд эмчлүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар ярилцаж эхэлсэн байна.

-ЭХХШТХ-ИЙН 14.9-ИЙН 1 ДЭХЬ ХЭСГИЙН 1.2-Т “ГЭРЧ, ШИНЖЭЭЧ, МӨРДӨГЧ, ШҮҮГЧДИЙГ ДАРАМТАЛСАН, ТЭДГЭЭРИЙН БОЛОН ӨӨРИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛАХ БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ ОЛДСОН БОЛ ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО” ГЭЖ ЗААЖЭЭ-

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн өдөр Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын гишүүд болох Г.Ганбаатар, С.Гал-Эрдэнэ, начин Э.Энхбат нар уулзаж сууцгаасан бөгөөд тэндээс гараад Н.Түвшинбаяртай уулзахаар болж 18:00 цагт С.Гал-Эрдэнийн ажлын байр болох 120 мянгатад байрлах “Залуу монгол” оффисын есөн давхарт ирцгээжээ.

Ингээд үүн дээр Н.Түвшинбаяр тэргүүтэй хэд хэдэн хүн нэмэгдэн ирж сууцгаасан ч ганц, хоёроороо цувран гарцгаасаар сүүлд Н.Түвшинбаяр, Э.Энхбат, сэтгүүлч эмэгтэй Г нар үлдэцгээжээ. Ингээд 21:00 үед Г явахаар гарсан ч утсаа мартсан байснаа санаж буцан ирэхэд хаалга, дотроосоо түгжээтэй дотор нь хүн пижигнэн зодолдож байгаа дуу авиа сонсогдож байсан байна. Г хаалга тайлахыг хүлээн нэлээд хэдэн минут зогссон ч доторх зодоон улам хурцдаж байгааг анзааран оффисын зарим ажилчдыг гуйж хаалгыг эвдүүлэхэд дотор нь Э.Энхбат, Н.Түвшинбаяр хоёр зодолдсон байдалтай байж.

Тайлбар: Хэрэг болсон газар

Ингээд түргэн дуудаж Э.Энхбат начныг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд Н.Түвшинбаяр “Залуу монгол” оффисын ойролцоо байрлах “Интермед” эмнэлэгт очжээ. Тухайн өдөр ээлжинд гарч байсан ГССҮТ-ийн сувилагч энэ талаар “тэр орой би ээлжинд гарч байсан юм. Оройн 22:00 цагийн үед тэр хүн маш хүнд байдалтай ирсэн. Бид яаралтай тусламж үзүүлэн, тайвшруулах гэж оролдсон ч дийлдэхгүй, орилоод байсан. Тиймээс биеийн байдлыг нь тогтворжуулахын тулд тайвшруулах тариа хийсэн” хэмээн мэдээлж буй.

Харин өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд  2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн” талаар мэдээлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн байдаг бөгөөд ийм тохиолдолд яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргадаг аж.