Тэргэнцэртэй эмэгтэйчүүд тасалгааны цэцэг тарих төсөлд амжилттай хамрагджээ

Тэргэнцэртэй эмэгтэйчүүд тасалгааны цэцэг тарих төсөлд амжилттай хамрагджээ

Дэлхий даяар тулгараад буй цар тахлын хүндрэлтэй нөхцөд байдлыг даван туулахад сэтгэл зүй болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Азийн сан, Жендерийн Үндэсний Хорооноос зарласан бичил төслийн уралдаанд "Бид чадна мн нэгдэл" ТББ-ын “Цэцэг бүхэн анхилуун” гэх төсөл шалгарчээ.

Тус төсөл нь өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу нийт хоёр сарын хугацаанд үргэлжилсэн ба тэргэнцэртэй болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй 16-60 насны 20 охид, эмэгтэйчүүд тасалгааны цэцэг, таримал ургамал тарих сургалтанд онлайнаар амжилттай хамрагджээ. Төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд энэ хугацаанд нийт 16 нэр төрлийн ургамалуудыг гэртээ амжилттай тариалсан байна.

Тодруулбал, яншуй, салатны  навч, гоньд, помидор, гааны навч, гүзээлзгэнэ, ногоон сонгино, тасалгааны болон мандалын цэцгүүдийг тасалгаанд тарьж сурсан бөгөөд үр шим нь хурдан хугацаанд гарч тариалсан ургамалуудаасаа хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.

Төсөлд хамрагдсан эмэгтэйчүүдийн хувьд хөл хорионы өдрүүдэд үр бүтээлтэй байж, цахим хэрэглээнээс хол байсандаа өндөр сэтгэгдэлтэй байгаа юм. Цаашид төслийн багийнхан байгууллагуудад тариалсан ургамалуудаа зарах зорилт тавиад байгаа ба энэ ажил нь амжилттай болвол дахин тасалгааны ургамалуудаа төрөлжүүлэн тарих төлөвлөгөөтэй байгаа аж. Төсөл анх эхлэх үед нийслэл болон хөдөө орон нутгаас нийт 40 орчим эмэгтэй бүртгүүлээд байсан ч тухайн үед хөл хорио тогтоогдсон учир орон нутаг руу хөрс, цэцгийн үрсэлгээ бусад зүйлсийг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд бусаддаа туршлага мэдлэгээсээ хуваалцах зорилгоор “Хонхон цэцэг-Цэцгийн онлайн дэлгүүр” фэйсбүүк  хуудас нээсэн байна.

Төсөлд хамрагдсан зарим эмэгтэйчүүдийн сэтгэгдэл:

Цэцэг бүхэн анхилуун төслийн оролцогч Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны иргэн Ч.Удвал

"Би өрхийн аж ахуй олон жил эрхэлж яваа ба хашаандаа зуны хүлэмжиндээ нарийн ногоонуудыг нилээд тарьж ургуулдаг үүндээ ч би их дуртай хүн байгаа юм. Гэхдээ тасалгааны цэцэг, таримал ургамал ерөөсөө тарьж үзээгүй байсан ба энэ төслийг зарлагдахаар сонирхоод орж үзсэн. Төслийн сургалтаар сурая гэж анх бодож байсан зүйлүүдээ бүгдийг нь сурч аваад одоо гэр дүүрэн л цэцэг, таримал ургамалтай сууж байна. Цаашид хашаандаа сайхан цэцгийн мандалтай болохоор үрсэлгээнүүдээ хийчихсэн ба мандлаа байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Ковидын энэ хүнд цаг үеийг анзаарах ч зав чөлөөгүй  өглөө бүр сайхан цэцэг ногоогоо хараад баяр хөөр, эрч хүчийг аван өнгөрөөж байна".

Цэцэг бүхэн анхилуун төслийн оролцогч Сонгинохайрхан дүүргийн  27-р хорооны иргэн Д.Дашдолгор

"Би өмнө нь цэцэг ногоо огт тарьж байгаагүй. Цэцэг ногоо тарих ажлыг зөвхөн усаар услаад л ургуулдаг гэсэн ойлголттой байлаа. Харин энэхүү төсөлд хамрагдасанаар хөрсөө яаж бэлдэхээс авахуулаад үрийн сонголт, соёололт гэж юу вэ, шилжүүлэн суулгалт, усалгаа, мөн төрөл бүрийн бордоог хэрхэн хэрэглэх, хорхой шавьжнаас хамгаалах гэх мэт цэцэг ногоог тарих анхан болон ахисан шатны мэдлэг олж авсандаа туйлын баяртай байна. Уг төсөлд орсоноор гэрийнхээ нөхцөлд нарийн ногоогоо тухайлбал тасалгааны помидор, салатны навч, яншуй гэх мэтчилэн тарьж ургуулаад өөрсдөө хэрэглэхээс гадна хэрэглээнээсээ илүү гарсанаа худалдан борлуулж өрхийн санхүүдээ бага ч болов нэмэр оруулах боломжтой боллоо гэж харж баяртай байгаа. Мөн өөрийнхөө гэрийн нөхцөлд таарсан цэцгүүдийг тарьж ургуулж байна".

Төслийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Хонхон цэцэг-Цэцгийн онлайн дэлгүүр” фэйсбүүк  хуудсаас үзнэ үү.