Гэр хорооллын хүүхдүүдэд циркийн бэлтгэлийн байр бариулж буй Б.Золбаяртай ярилцлаа

Гэр хорооллын хүүхдүүдэд циркийн бэлтгэлийн байр бариулж буй Б.Золбаяртай ярилцлаа

“Би циркийн бэлтгэлийн заал барихыг арван жил мөрөөдсөн. Барилга гэдэг чинь амаргүй даваа байдаг юм байна шүү. Багадаа их холоос циркийн бэлтгэлд явдаг байсан болохоор цүнхээ даахгүй болтлоо сульдсан амьтан орж ирэх тохиолдол олон байсан. Тийм болохоор гэр хорооллын хүүхдүүдэд зориулан бэтгэлийн заал барьж өгөхийг хамгийн их хүсч, мөрөөдөж мэрийж явна” хэмээн ярих хүн бол Батаагийн Золбаяр. Тэрбээр Монголын циркийн урлагт хөл тавиад гуч гаруй жил болох гэж байгаа. Өөрийн амжилт гаргаж олсон хөрөнгө болоод ар гэрийнхнийхээ тусламж дэмжлэгтэйгээр циркийн бэлтгэлийн заал бариулж буй Циркийн жүжигчин Б.Золбаяртай ярилцлаа.

-АРАВХАН НАСТАЙ ХҮҮХЭД ТОЛГОЙТООС ХОТЫН ТӨВ РҮҮ ОЧИЖ БЭЛТГЭЛ, СУРГУУЛИЛТ ХИЙНЭ ГЭДЭГ ХАМГИЙН ХЭЦҮҮ ДАВАА БАЙЛАА-

-Таны хувьд гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан циркийн бэлтгэл, сургуулилт хийх байрыг өөрийн хүч хөдөлмөрөөр олсон хөрөнгөөр бариулах гээд зүтгэж яваа. Энэ тухай яриагаар ярилцлагаа эхлүүлье?

-Би ийм бэлтгэлийн байр барихыг арван жил мөрөөдсөн. Энэ мөрөөдлөө биелүүлэх гээд чармайж явна даа. Монголын циркийн урлагт маш олон хамтлаг төрөн гарч ирж байна. Улсын төв цирк байх үед бид тэнд бэлтгэл сургуулилтаа базааж, хангамжаа авдаг байсан юм. Цирк хувьчлагдсанаас хойш бэлтгэл хийх цаг олдохоо больсон. Циркийн сургуульд ч цаг олддоггүй. Энэ заалийг барих хамгийн том шалтгаан гэр хорооллын хүүхдүүдийг циркийн бэлтгэл сургуулилтад хамруулах явдал. Би Толгойтод өссөн. Аравхан настай хүүхэд Толгойтоос хотын төв рүү очиж бэлтгэл сургуулилт хийх хамгийн хэцүү, баршгүй даваа байлаа. Бидний багад цаг сайхан байсан болохоор эцэг эхээрээ хүргүүлэхгүй өөрсдөө яваад очдог байсан юм. Заримдаа автобусанд сууж чадахгүй хоцорно, хоцрохоороо дараагийн буудал руу гүйж сууна. Тухайн үед “Гэр хороололд циркийн бэлтгэл хийх байртайсан бол хотын төв рүү тэгтлээ ядарч очихгүй шүү дээ” гэж боддог байлаа. Гэр хорооллоос маш олон чадварлаг циркчид, спортын тамирчид төрөн гарах магадлалтай. Тэгээд ч нийгэм, цаг үе хэцүү болчихсон. Энэ цөвүүн цагт гэр хорооллоос хотын төв рүү ганцаараа явна гэдэг хэцүү. Заавал эцэг эх, өвөө эмээгээрээ хүргүүлэх шаардлагатай болчихсон. Гэрийнхээ хажууд бэлтгэл сургуулилтын заалтай бол цай, хоолоо идчихээд гүйгээд ороод ирэх нь хичнээн сайхан байх билээ. Энэ үүднээс би гэр хороололд циркийн бэлтгэл хийх заал бариулах гээд зүтгэж байна даа.

-Шинээр баригдаж буй бэлтгэлийн зааланд циркийн ямар төрлүүдээр хичээллэх боломжтой юм бэ?

-Циркийн бүх төрлөөр хичээллэх боломжтой. Гэхдээ илбэ, амьтаны сургуулилтаар хичээллэх нөхцөлд одоохондоо бүрдэхгүй. Хамгийн том зааланд агаарын гимнастик болон акробатын үзүүлбэрүүд хичээллэнэ. Дээд давхарт уран нугаралтын студи ажиллана. Мөн бэлтгэл хийсэн хөлстэй хүүхдүүдийг гадаа нойл руу гаргахгүйн тулд дотор нойлтой байхаар шийдсэн. Эрэгтэй, эмэгтэй шүршүүрийн асуудлыг ч шийдсэн. Нэн ядуу болон бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүдийг бэлтгэл сургуулилтад үнэгүй хамруулна. Өндөр босго тавьж, өндөр төлбөр авахгүй. Хамгийн гол нь ашиг харж энэ бүхнийг хийгээгүй юм шүү. Дэлхийн амжилтыг тогтоох олон сайхан жүжигчдийг төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Гурван давхрын цонхоор гэр хорооллын айлуудыг ширтэж зогсоход их л сонин мэдрэмж төрдөг. Нүдний минь өмнө бүхэл бүтэн орхигдсон нийгэм бий. Эдгээр айлуудын хүүхдүүдийг циркийн урлагт татан оруулж, урлагт дуртай хайртай болгочих юмсан гэж боддог. Цонхоор харж зогсоход заримдаа өөрийн эрхгүй нулимс урсдаг шүү. Ганцаараа юм бодож уйлж байсан тохиолдол надад бий.

-Барилгынхаа  ажлыг хэзээ эхлүүлж байв, удахгүй нээлтээ хийх сураг байсан шүү?

-Барилгын явц хоёр жил дамнаж байна. Үнэнийг хэлэхэд, өөрийн хүч хөдөлмөр болоод ар гэрийнхнийхээ тусламж дэмжлэгтэйгээр хийж байгаа болохоор хөрөнгө мөнгөний асуудал багагүй тулгарах юм. Хамтлаг уран бүтээлчдийн дэмжлэг ирдэг. Тэрнээс биш хэн нэгэн хувь хүн болон албан байгууллагын тусламж огтхон ч байхгүй. Өөрсдийнхөө мөнчгөрөөр зүтгэж явна. Эхний жил хундаамаа тавиад, карказаа босгоод араг яс байдалтайгаар өнжсөн байдаг юм. /инээв.сурв/ Энэ хавийн айлууд “Энд одоо юу барих гээд байгаа юм бол” гэсэн бяцхан таамаг дэвшүүлцгээсэн байх. Өнгөрөгч тавдугаар сараас л барилгын ажил эхлээд үргэлжилж байна. "Нээлтээ яг тэдэнд хийнэ" гэсэн тодорхой тов гаргаагүй байгаа. Мэдээж гүйцэтгэгч компани хэзээ надад хүлээлгэж өгөх бол гэсэн хүлээлт бий. Миний зүгээс тэднийг бараа материалаар нь тасалдуулахгүй байх үүрэгтэй. Үнэнийг хэлэхэд энд тэндээс олж ирсэн тав арван цаасаа өгөхөөр барилгын ажил үргэлжилж, дуусахаар зогсчихдог юм. Энэ барилгаа даруй хүлээж авна гэсэн зорилготой. Эхлээд ямар ч байсан барилгаа босгож, тог, усныхаа асуудлыг шийдвэрлэсний дараа нээлтийн асуудал яригдах байх. Даахгүй нохой булуу хураана гэгчээр шантрах үе ч гарах юм.

-МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА ХУВЬЧЛАГДАНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ ЭМГЭНЭЛ. ЦИРКИЙН УРЛАГ БОЛ АШГИЙН БУС УРЛАГ-

-Гайгүй сайн нэр хүндтэй циркчид гадаадад ажиллаж, амьдарч байгаа нь бодит үнэн. Харин таны хувьд Монголын циркэд гуч гаруй жил зүтгэчихээд бэлтгэл сургуулилтын барилга бариулах арван жилийн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэж байгаа нь талархмаар юм шүү.

-Би их мөрөөдөмтгий хүн. Бусдаас жаахан өөр, гаж зүйл сэтгэж явдаг юм шиг байгаа юм. Зүгээр байж ер чаддаггүй. Циркэд аюулгүйн инженерээр ажиллаж байсан болохоор цаасан дээр янз бүрийн зүйл сараачиж суудаг. Хүн мөрөөдөлгүй бол ямар ч зорилгогүй. Золоо гэдэг хүний нэр л гараад байгаа болохоос биш миний ард гэр бүл минь бий.  Тэд маань тусалж дэмжиж байна.

-Хувьчлалын балагаар циркчид гудамжинд гарсан гэдэгтэй санал нийлэх үү. Үүнээс үүдэж бэлтгэл сургуулилтын заал барихаар шаргуу зүтгэсэн гэж ойлгож болох уу?

-Санал нийлэлгүй яахав. Энэ тал дээр ганц зүйл хэлэхийг хүсдэг юм. Мэргэжлийн урлагийн байгууллага хувьчлагдана гэдэг хамгийн том эмгэнэл. Циркийн урлаг бол ашгийн бус урлаг. Хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх үүрэгтэй юм шүү дээ. Үнэнийг хэлэхэд өнөөдөр хүүхэд багачуудад үзэж харах юу ч алга. Хүүхэлдэйн театр ч байхгүй. Циркэд хүүхдүүд яах гэж очдогийг мэдэх үү. Алиалагчдыг, уран бүтээлчдийг, амьтдыг хараад гоо зүйн мэдрэмж авах гэж очих ёстой шүү дээ. Тэрнээс биш нэг салбадай бусдыг инээлгэж, элдэв янзын амьтад утгагүй үзүүлбэр үзүүлээд байгаа хэрэг огтхон ч биш. Тэнд урлаг явагддаг юм. Хүүхдүүдийг пс тоглоомонд донтож байна гээд л загнадаг. Үзэж харах юмгүй хүүхдүүд өөр хаана очих юм бэ. Өнөөдөр олигтой парк ч алга байна шүү дээ.

-Монголын циркийн урлагт хэдэн настайдаа хөл тавин орж байсан бэ. Хэн нэгэнд хөтлөгдөн очиж байв уу, өөрийнхөө хүсэл сонирхлоор циркчин болох замыг сонгож байв уу?

-Монголын циркийн урлагт 1992 онд 10 настайдаа хөл тавьснаасаа хойш 27 жил өнгөрчээ. Өдийг хүртэл нэг сэтгэлээр урвалгүй явж байна. Манайх 1990 онд Сэлэнгийн Зүүнхараагаас нийслэлд нүүж ирсэн. Хотод ирээд Толгойтын 42 дугаар сургуульд орж суралцсан. Гэтэл манай эгч циркийн сургуульд элсэлт авч байна гэх зарыг сонссон юм билээ. Тэгээд нэг өдөр “Би чамайг циркэд оруулна” гээд л хувцаслаад аваад явдаг юм байна. Тухайн үед би циркийн урлаг гэж юу байдгийг огт мэддэггүй, ямар ч ойлголтгүй байлаа. Манай удамд ч циркийн хүн байгаагүй. Ямар сайндаа л циркийг цэрэг гэж ойлгоод “Цэрэгт ийм жаахан хүүхдийг авдаг л юм байх даа” гэж дотроо бодож явах вэ дээ. Автобусан дотор ингэж л бодож явсан. Тэгээд 200 гаруй хүүхдээс 25-хан хүүхэд шалгаруулж авахад, багтаж тэнцсэн.

Сунгалт хийж чаддаггүй, бүжиглэж ч чаддаггүй хүүхэд байсан. Эргээд бодоход багш нар маань их л алсыг харсан нүдтэй байдаг юм байна гэж бодогдож, баярласан Хожим би эгчээсээ “Та намайг яагаад циркэд оруулья гэж бодсон юм бэ, манай удамд ямар ч циркчин байхгүй шүү дээ” гэж асууж байсан. Гэр хорооллын хүүхэд хашаан дээгүүр дамжиж дэггүйтэхийг хараад “Энэ хөдөлгөөнтэй шар нөхрийг циркэд оруулчихъя” гэж л харсан юм шиг байна лээ л дээ. Ингээд би хамгийн анх агаарын гимнастикаар Хишигтийн Ганболд багшийнхаа удирдлага дор элсэн суралцаж байлаа. Агаарын гимнастикийн “Үүрийн цолмон” хамтлагт орж таван жил ажилласан. Сүүлийн 11 жил шидэх банзны төрлөөр дагнаж байна. Одоо “Есөн өрлөг” хамтлагт харъяалагддаг. Манай хамтлаг 2009 онд байгуулагдсанаас хойш дэлхийн А зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа.  

-ЦИРКЧИН ХҮН ГАНЦ СЕКУНТЫГ АЛДАХАД Л ЭРСДЭЛ ОТОЖ БАЙДАГ-

-Та циркчин болоогүй бол өөрийгөө хаана, юу хийж явах байсан гэж боддог вэ. Энэ талаар ямар бодол төсөөлөлтэй явдаг вэ?

-Энэ талаар надад ямар ч төсөөлөл буудаггүй юм. Хүүхдүүд цагдаа, цэрэг, нисгэгч, жолооч болно гээд янз бүрээр ярьдаг л байсан. Хэрэв би циркэд ороогүй байсан бол “Ай мэдэхгүй, энэ Золоо одоо юу хийж яваа бол” гэж өөрөөсөө асуудаг юм. 

-Шидэх банзны төрөл хэр эрсдэлтэй вэ. Бэртэж гэмтэх тохиолдол бишгүй л олон байсан болов уу?

-Циркийн уран бүтээлчид дунд бэртэж үзээгүй хүн огт байхгүй. Циркийн урлаг бол итгэлцлийн урлаг. Бид бэртэхгүйн тулд л бэлтгэл хийдэг. Тэрнээс биш хүн айлгаж инээлгэхдээ биш юм. Үзүүлбэрээ 100 хувь гүйцэтгэх ёстой. Ганцхан секунт алдахад л биднийг эрсдэл отож байдаг. Тиймээс нэг зүйлээ хэдэн мянган удаа давтана. Бид ямар ч бэхэлгээ хамгаалалтгүйгээр гарч үзүүлбэрээ үзүүлдэг. Нэг чанартай бүтээл гарахын тулд хагас жилээс хоёр жил шаарддаг. Найзууд минь заримдаа “Золоо чи нөгөө л юм аа давтсаар байна уу” гэдэг. 

-Та циркийн урлагт хөл тавьж байснаас хойш 27 жил өнгөрсөн байна. Энэ багагүй хугацааг эргээд дүгнэхэд юу бодогддог вэ?

-27 жил гэдэг асар урт хугацаа юм. Энэ цаг хугацаа хурдан өнгөрсөн байна. Шантарч уйлаад зугтаж байсан үе ч бий. Зүүнхараа луу зугтаж байсан шүү. Х.Ганболд багш маань Баярсайхан ахлагчийг миний араас явуулаад намайг авчруулдаг л байсан. Тэгээд дахиад л бэлтгэл сургуулилтаа хийнэ. Циркчин хүн хамгийн гол нь айдсаа давах хэрэгтэй байдаг юм билээ. Айдастай үед зүрхшээгээд хөдөлж чаддаггүй. Бэлтгэлд нухлуулаад цүнхээ даахгүй болтлоо сульдсан өлөн зэлмүүн амьтан гэртээ орох үе бишгүй байсан. /инээв.сурв/ Айлын хүүхдүүд сагс, хөлбөмбөг тоглож байхыг хараад маш их атаархдаг байлаа. “Би хэзээ ингэж чөлөөтэй байх юм бол оо” гэж боддог байсан шүү.

-Анхны тоглолтынхоо гэгээн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу. Мэдээж мартагдашгүй зүйлсийн тань нэг байх?

-1994 оны хүүхдийн баярын тоглолтод оролцож байлаа. Тухайн үед би циркийн урлагт хөл тавиад хоёрхон жил болж байсан юм байна. Анхны тоглолт учир мэдээж аар саархан зүйлээс нь эхэлж хийнэ. Бидэнд зориулж хувцас ч хийж өгдөггүй байсан үе. Склад руу ороод ах, эгч нарынхаа хувцсыг танаж оюулаад өмсөж, нүүрээ будуулаад орно. Тоглолт дуусаад нүүрнийхээ будгийг арилгахгүйгээр гэртээ харих дуртай байсан юм. /инээв.сурв/ Гэрийн гадаа тоглож байгаа хүүхдүүдэд тоглолтод орсноо гайхуулах гэж тэр шүү дээ. Хүүхдүүд надаас “Чи яагаад нүүрээ будчихсан юм бэ?” гэж асуухад “Би сая тоглолтод орсон” гэж бардам хариулаад л онгирдог байлаа. /инээв.сурв/

-ОРОСУУД БИДНИЙ БЭЛТГЭЛИЙГ НУУЦААР ҮЗСЭН ТОХИОЛДОЛ МЭР СЭР ГАРЧ БАЙСАН-

-Та болон танай хамтлаг ямар амжилтын эзэн болоод байна вэ?

-“Есөн өрлөг” хамтлагаараа өнгөрсөн 11 сард БНХАУ-д зохион байгуулагдсан дэлхийн А зэрэглэлийн тэмцээнээс алтан медаль хүртсэн. ОУ-ын тэмцээнээс нийт дөрвөн алтан медаль, дэлхийн аваргын хошой мөнгөн медаль, нэг хүрэл авсан амжилтыг үзүүлээд байна. Одоогийн байдлаар дэлхийн найман рекордыг “Есөн өрлөг” хамтлаг эзэмшиж байна даа. Амжилт үүгээр дуусахгүй цаашид ч үргэлжилнэ.

-Монголын циркийн урлаг ямар түвшинд явж байна вэ?

-Монголын циркийн урлаг сүүлийн арван жил эрчимтэй үсэрсэн. Өмнө нь дэлхийн шилдэг тавд ордог байсан. Уран нугаралтаар Монгол улс тэргүүлэх эгнээнд ордог. Монголын циркийг уран нугаралтаар төсөөлдөг байсан бол одоо шидэх банзны төрлөөр төсөөлдөг болчихсон байна. Үнэнийг хэлэхэд шидэх банзны төрөл Оросын школоор явж байгаа. Гэтэл Оросууд бидний бэлтгэлийг нууцаар үзсэн тохиолдол мэр сэр гарсан. /инээв.сурв/ Өөрийнхөө уран бүтээлчдийг магтах гээгүй юм шүү. Шидэх банзны төрлийн “Есөн өрлөг” хамтлаг монголын циркийн урлагийг дэлхийн шилдэг гуравт татаж оруулсан. Учир нь дэлхийн найман рекордыг эзэмшдэг, дэлхийн А зэрэглэлийн тэмцээний алт, хошой мөнгө, хүрэл медалийг хүртсэн. “Ингэж амжилт гаргаж болдог юм байна шүү дээ” гэдэг үлгэр дуурайл авсан залуу уран бүтээлчид олон төрөн гарсан. Манай хамтлаг дангаараа ийм амжилтыг гаргасан юм биш. Бидэнтэй мөр зэрэгцэн яваа олон уран бүтээлчид бий. Амжилтын үндэс нь мэдээж багш нар минь юм. Шидэх банзны төрлийн “Есөн өрлөг” хамтлагийг үүсгэн байгуулагч У.Энхбаяр багшийгаа энд дурдахгүй байхын аргагүй. Тайзан дээр есөн хүн л гарч ирж байгаа болохоос биш түүний ард өчнөөн олон хүн хүч хөдөлмөрөө гарган ажилладаг.

-Уран бүтээлчдийн чансаагаар дэлхийд хэдэд эрэмбэлэгддэг вэ?

-Уран бүтээлчдийн чансаагаар дэлхийд эхний хоёрт эрэмбэлэгддэг. н.Намуунбаатар ахлагчтай шидэх банзны хамтлаг бий.  н.Намуунбаатар  агаарт зургаа эргэж дэлхийн дээд амжилтыг тогтоосон. н.Тэлмэн дэлхийн хэд хэдэн рекорд эвдсэн.

-ЦИРКЧДИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ ДЭМЖЛЭГ МАШ ӨЧҮҮХЭН-

-Улс эх орныхоо нэрийг олон улсад гаргаж, таниулсан циркчидээ төрөөс хэрхэн анхаарч дэмждэг вэ?

-Тэмцээнд явахын өмнө ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Өөрсдөө очоод амжилт гаргаад ирэхэд төр үнэлдэг. Гэхдээ тэр нь маш өчүүхэн. Дэлхийн А зэрэглэлийн тэмцээн гурав, Б зэрэглэлийн тэмцээн гурав бий. Эдгээр зургаан тэмцээнд орсон тохиолдолд л төр биднийг дэмжинэ, бусад тэмцээнд орвол ерөөсөө ч тоодоггүй. Циркчид хувцас болон тоног төхөөрөмж дээр л хамаг нервээ бардаг хүмүүс.  

-Сайн уран бүтээлч болж гарахын тулд хичнээн жил хичээллэх шаардлагатай байдаг вэ.

-Циркийн сургуулиас төрж гарсан уран бүтээлчид Монголдоо төдийгүй дэлхийд толгой цохиж байгааг нүүр бардам хэлж чадна. Амжилтын суурийг багш нар маань хичээл зүтгэлээрээ тавьж өгдөг. Ямар ч үнэ төлбөргүйгээр өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэдэг хүмүүс бол багш нар юм.  

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Миний гэргийг Ц.Солонго гэдэг. Монголын циркийн урлагт Уран нугараачаар ажилладаг байлаа. Мэргэжил нэгтэй болохоор бид бие биенийгээ маш сайн ойлгодог. Гэр бүл болсноосоо хойш тоглолт, тэмцээнүүдэд үргэлж хамт явдаг. Миний том охин Амин-Эрдэнэ ээж шигээ уран нугараач. Одоо тавдугаар ангид суралцдаг хэдий ч ээжтэйгээ цуг бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Таван настай хүү минь цэцэрлэгт явж байна. Хамгийн бага нь хоёр настай дайсны цэрэг, эгдүүтэй бумбагар охин бий.  

-Хүүхдүүдээ циркчин болгох бодол байдаг уу?

-Байдаг шүү. Мэддэг зүйлээ зааж өгнө гэж боддог. Том охин Амин-Эрдэнэ маань хоёрхон сартайгаасаа тэмцээн уралдаанд дагаж явдаг байлаа. Тийм болохоор одоо циркийн урлагт дуртай. Өөрийгөө том жүжигчин болчихсон юм шиг л ойлгодог. /инээв.сурв/

-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа.

-Та бүхэнд ч маш их баярлалаа. Ажил ажил гэсээр ар гэрээ мартах тохиолдол надад олон байдаг. Тэр болгоны ард зогсдог эхнэртээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Хоёр ээждээ ч мөн баярлалаа. Надад үргэлж урам зориг, хүч бэлэглэдэг төрсөн дүү Б.Золбаясгаландаа баярлалаа гэж хэлмээр байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД