Дархан хотод "Залуус" хороолол барихад Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоно

Дархан хотод "Залуус" хороолол барихад Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр/2021.05.12/ Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлийг сааруулах, хот төлөвлөлтийг төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцууллээ.

Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.

Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцсон байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатай аж.

Тодруулбал, ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан байна.

Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжийн дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой хийхээр төлөвлөсөн байна.

Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсаныхаа дараа Засгийн газраас дэмжиж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгджээ.

Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох “Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18 орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг 2 байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, Ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцжээ.