Өнгөрсөн шөнө арилжааны бүх банкууд гүйлгээний шинэ системд холбогджээ

Өнгөрсөн шөнө арилжааны бүх банкууд гүйлгээний шинэ системд холбогджээ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй төлбөр (Гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажлыг Монголбанкнаас хангаад байгаа тухайгаа саяхан мэдэгдэж байсан.

Тэгвэл АСН+ системийг өнгөрсөн шөнө 00:00–02:30 цагийн хооронд нэвтрүүлж дууссан байна. Энэ үеэр банкуудын интернет банк, мобайл банк гэх мэт цахим сувгийн банк хоорондын гүйлгээ түр зогссон байна.

АСН+ системийг нэвтрүүлснээр ижил төрөл, зориулалт бүхий багц гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэхэд үндэслэсэн дебит гүйлгээ, бодит цагийн горимын гүйлгээ болон шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах боломжтой болжээ.

Мөн аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулсан гарцыг бий болгож, төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, хөрөнгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшил гарсан гэж Монголбанкны мэдээлэл дурьджээ.

Түүнчлэн АСН+ системийн томоохон хэсэг болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт мэдээлэл ашиглан гүйлгээ илгээх, хүлээн авах боломж бүрдсэн байна.

Ингэснээр гүйлгээний нэр, данс зөрөх алдаа багасах, харилцагч өөрт дөт мэдээлэл ашиглан, хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талууд бий болжээ.