ХБНГУ-д эм нэвтрүүлсэн монголын дипломатыг энэ долоо хоногт шүүнэ

ХБНГУ-д эм нэвтрүүлсэн монголын дипломатыг энэ долоо хоногт шүүнэ

Өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард Будапештаас Берлин рүү монголын элчин сайдын яамны дипломат дугаартай автомашинаар их хэмжээний эм тээвэрлэж яваад баригдсан манай улсын хоёр иргэний тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын хэвлэлд нийтлэгдсэн. Тэднийг шүүх хурал явагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр энэ долоо хоногт гарах ажээ.

Германы Bild.de сайтад мэдээлснээр нэг бүр нь дөрвөн еврогийн үнэтэй 150 мянган ширхэг өвчин намдаах эмийг 53 настай эрэгтэй Т.Мөнхбат,  38 настай эрэгтэй Э.Оргил нар тээвэрлэж яваад Дрезден хотын ойролцоо хурдны зам дээр саатуулагдсан байна. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан-Үд хотод суух Монгол улсын ерөнхий консулын газрын худалдааны атташе гэнэ. Харин автомашиныг жолоодож явсан Э.Оргил нь дипломат албанд ажилладаггүй ажээ.

Харин Т.Мөнхбат нар Будапештээс таньдаг хүнийхээ илгээмжийг Берлинд хүргэхээр авч явсан, дотор нь юу байгааг мэдээгүй гэж мэдүүлсэн байна. Мөн тэд “Монголын зах зээлд Унгараас нийлүүлдэг энергийн ундааны савлах үйлдвэрийг монголд байгуулах асуудлаар Берлинд бизнес уулзалт хийх” гэж ирсэн хэмээн тайлбарласан байна гэж мэдээлжээ.

Мөн тэдний баригдсан хурдны зам дээр өнгөрсөн тавдугаар сард манай улсын хоёр дипломат ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад баригдаж байсан. Тэгвэл дээрх хоёр хэргийн хооронд ямар нэг хэлхээ холбоо илрээгүй гэж тус хэргийг шалгаж буй прокурор мэдэгджээ.