Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

С.Зоригийн хэрэгт яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн сум дундын шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ танилцууллаа. 

Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.

Уг хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг холбогдуулан шүүж байгаа билээ. 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр хэргийг Прокурорт буцаасан үндэслэлийг тун удахгүй танилцуулах юм байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн ”Хэргийг дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байна. Гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байх шиг байна” гэв.