Нутгийн иргэд, уурхайн ажилчдын дунд мөргөлдөөн болж 15 хүн гэмтэж, 12 метрийн гүн нүх рүү биенээ түлхжээ

Нутгийн иргэд, уурхайн ажилчдын дунд мөргөлдөөн болж 15 хүн гэмтэж, 12 метрийн гүн нүх рүү биенээ түлхжээ

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн үйл ажиллагааг цуцлах үүргийг холбогдох албаныханд өгч тус уурхайг хаалгасан. Тэрбээр Тост, тосон бумбын ойр орчимд олборлолт явуулдаг бусад компанийн үйл ажиллагааг ч зогсооно гэдгээ мэдэгдсэн билээ.

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТУШААЛААР ХААГДАХ ДАРААГИЙН УУРХАЙ БААТАРВАН УУ-

Тэрбээр өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан Улсын онцгой комиссын хуралдаанд дээрх мэдэгдлээ бататгаж “Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг армиа хөдөлгөе. Газар нутгаа хамгаалалтад авъя. Тэгвэл эх орныг тэнд хэдэн тонуулчид ухаад дууслаа. Таван аймаг дамжин урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа, аймгийн дарга нар аа. Алтыг ухсан олигархууд нь баяжаад, зарим нь Монголын баялгийг гадаадад алдаад дууссан олигархуудаас эхэлсэн юм байна лээ, түүх нь. Энд цэг тавь. Эхний ээлжид Орхон, Ерөө, Хүдэр, Гутайн даваа, “Эко алтан заамар”-ыг холбогдох газрууд шалга. Арга хэмжээгээ ав. Хийж чадахгүй нь ажлаа өг. Дөрвөн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Монгол Улсад олгосон бүх лицензийг шалгаж, хууль бусаар авсан бүгдийг хураана, цуцална”  гэж хэлсэн юм.

Түүний энэхүү мэдэгдэл нь удахгүй дахин нэг уурхайн ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ дохио гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Тэгвэл тэр уурхай нь Баатарван байх уу гэх яриа өмнөговьчуудын дунд яригдаж эхэллээ.  Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, тосон бумбын нуруунд шүр шиг улаан чулууны ордод олборлолт явуулдаг Баатарван уурхайг хааж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.

Тус уурхайд анх газар, газрын хүмүүс очиж гар аргаар чулуу олборлодог байжээ.

Энэ байдал нь цаг өнгөрөх бүрт хүндэрч хиргэд хоорондоо чулуугаа булаацалдан маргалдах гэх мэт асуудлууд үүссэн учраас Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа хамгаалалтад авч “Баатарван” ХХК-д үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч лиценз олгожээ. Зарим эх сурвалжийн мэдээлж  буйгаар Засаг дарга асан Б.Бадраагийн хөрөнгө оруулалт ч уг уурхайд орсон гэх. Одоо “Баатарван” ХХК-ийн дэргэдэх лицензгүй жижиг талбайд иргэд өөрсдөө чулуу олборлодог байна.  Тус чулуу нь маш үнэтэй  борлуулагддаг байна. “Баатарван” уурхайг хаах магадгүйг илтгэсэн хэд, хэдэн үндэслэл бий.

НЭГДҮГЭЭРТ,  Уул уурхайн сайд Д.Сумъяабазар "аймгийн Засаг дарга байж байгаад өөрөө лиценз авч болохгүй биз дээ, Бадраа гэж нөхөр байгаа гэсэн. Баатар ван ч гэнэ үү, хэн ч гэнэ үү аж ахуйн нэгж байдаг юм билээ. Ерөнхий сайд онцгой үүрэг даалгавар өгсөн. Авах гэж байгаа бол авсан шиг л авах хэрэгтэй" гэж онцлон хэлсэн. Энэ нь Б.Бадраатай нэр холбогдсон  “Баатарван” уурхайг ойрын хугацаанд хаана гэсэн сануулга юм.

ХОЁРДУГААРТ, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр хийсэн поп мэдэгдэл ч мөн дахин нэг уурхайг хаахаар бэлтгэж буйг илтгэж байна.

ГУРАВДУГААРТ, Тус уурхайг хаахын тулд нутгийн иргэдийг уурхайчдын эсрэг турхирах ажлыг аль хэдийн турхирч эхэлсэн байна.

-“БААТАР ВАН ХХК-ИЙН АЖИЛЧИД БОЛОН ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ДУНД МӨРГӨЛДӨӨН БОЛЖ 15 ХҮН ГЭМТЖЭЭ-

Тодруулбал, энэ сарын 18-19нд шилжих гөнө Гурван тэс сумын иргэд “Баатар ван” ХХК-ийн олборлолт явуулж буй уурхайд очин ажилчидтай нь маргалдан улмаар мөргөлдөөн үүсгэжээ. Үүний улмаас 15 хүн бэртэж гэмтсэнээс ес нь сумын иргэн, зургаа нь уурхайн ажилчин байсан гэх мэдээлэл байна. Тэдний мөргөлдөөн ширүүсч биенээ 12 метр гүн ухсан нүх рүү түлхэж унагажээ. Тэднээс гурван иргэн хүндэвтэр гэмтсэн, нэг хүн хүрзээр толгой руугаа цохиулж ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирээд өчигдөр үүрээр ухаан орсон байна.

Мөргөлдөөн болсон уурхайд аймгийн Цагдаагийн газраас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа талаар сумын засаг дарга О.Баттогтох хэлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын сарын 18-ний өдөр 60-70 хүн Гурвантэс сумын төвөөс 8км-ын зайд үйл ажиллагаа явуулдаг Улаан чулууны орд буюу "Баатар ван" ХХК-ийн кэмпид  очиж лиценз авахдаа багийн ИНХ-аар хэлэлцүүлээгүй, хууль бус гэдгийг нь хэлж үйл ажиллагаагаа зогсоох буюу харилцан тохиролцож ухах саналыг тавьж улмаар мөргөлдөөн үүсгэжээ.  Энэ дунд тус уурхайн хажууд гар аргаар чулуу олборлодог хүмүүс ч байсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх иргэдэд мөнгө өгч, тус компанийн эсрэг хөдлөхийг уриалан дуудаж, хөдөлгөж эхэлсэн нь энэ аж. Энэ нь удахгүй иргэд эсэргүүцлээр уурхайг хаалаа гэж Ерөнхий сайдыг хэлэхэд бэлтгэж  буй болж таарав.