ХАВТАСТ ХЭРЭГ: Төрсөн дүүгээ “Гэр цэвэрлэсэнгүй” хэмээн цохиод амь насанд нь хүрчээ

ХАВТАСТ ХЭРЭГ: Төрсөн дүүгээ “Гэр цэвэрлэсэнгүй” хэмээн цохиод амь насанд нь хүрчээ

Одоогоос хоёр жилийн өмнө /2019.10.17/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг нэг гэр бүлийн ах нь болох 18 настай М нь,  өөрийн төрсөн дүү болох 16 настай /эмэгтэй/ У-ыг “Гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч, саяхан шүүхээр шийдэгдсэн байна.

Тодруулбал, хэрэг гардаг өдөр У-г “Гэр цэвэрлэсэнгүй” хэмээн зодох явцдаа “хэвлийн аюулхайн харалдаа хүчтэй цохисноос болж” мэдрэлийн сүлжээний хэсэгт цус хурж нас барсан ба энэхүү гэмтлийг авсан хүн шууд нас бардаг гэсэн юм. Иймд бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох, гэр бүлийн харилцаагаа дээшлүүлэхийг сануулах үүндээс тус мэдээллийг нийтэлж байна.

-М: ДҮҮГЭЭ ХҮМҮҮЖҮҮЛНЭ ГЭЭД ЗОДСОН-

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар М нь шүүх хурлын үеэр, “дүү У-г сэрэхээр нь “гэрээ цэвэрлэ” гэсэн чинь уурлаад өөдөөс надтай хэрэлдсэн. Би нуруу руу нь цохисон чинь намайг хазахаар нь хүмүүжүүлнэ гээд зодсон. Энэ шүүх хуралдааныг нэг удаа хийж өгөхийг хүсэж байна. Надад ээжийгээ харах хэцүү байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн утгатай зүйлийг мэдүүлсэн гэсэн юм.

Мөн хэргийн гэрч байж болзошгүй өөр нэг эх сурвалжийн мэдээлж, “Хэрэг болдог өдөр талийгаач У-г  М нь ер нь урьдын адил зодож шийтгэдгээрээ шийтгэж байсан тул нээх юм бодолгүй байж байтал, У-г аваад нойл руу дагуулж орох шиг болсон. Ухаан алдчихаар нь сэргээх зорилготой усаар нүүрийн угаасан юм шиг байгаа юм. Тэгээд хэсэг хугацааны дараа би нойл руу ороход талийгаачийн нүүр цонхийчихсон байдалтай байсан. Тэгээд л шууд нас барсныг мэдээд эмнэлэг дуудсан” гэжээ

М-Д ХААЛТТАЙ ХОРИХ АНГИД 13 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

Ингээд шүүхийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр, М нь болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай ба сэтгэцийн ямар нэг өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нь ямар нэг өөрчлөлт орсон зүйлгүй, өөрийн хийсэн үйлдлээ хариуцах чадвартай байна гэж дүгнэжээ.

Иймд Шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан тул 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд иргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс сэргийлж, хүүхдүүдийн хоорондын харилцааг муутгах сэдэл өгөхгүй байх, гэр бүлийн хоорондын харилцаанд анхаарал тавьж, багаас нь гэр бүлийн ойлголтыг зааж сургахыг анхааруулж байна.