Хакүхо М.Даваажаргал өчигдөр /2025.06.09/ Токио хотноо хэвлэлийн бага хурал зарлаж, албан ёсоор сүмогийн холбооноос гарч буйгаа мэдэгдлээ. Түүний дэвжээнд гарсан танхай, ёс зүйгүй үйлдлийн улмаас дэвжээ нь хаагдсан билээ.
Дээд зиндаанд 45 удаа түрүүлж, рекорд тогтоосон тэрбээр 2021 онд зодог тайлж, багш, дасгалжуулагч болох замналаа эхлүүлсэн. Гэвч түүний дэвжээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хаалгаа барьсан. Тэгвэл Хакүхогийн сүмогийн холбоог орхих өргөдлийг хүлээн авч, зөвшөөрчээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргал “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Шахуу хуваарьтай ажилтай ч өнөөдөр надтай хамт энд байгаад баярлалаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд би сүмод дурлаж, сүмо ч намайг хайрлалаа. Энэ завшааныг ашиглаад холбооноос гарч, шинэ мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх болсноо мэдэгдэж байна. Ахмад тамирчны хувиар “Исэгахама” дэвжээтэй холбоотой асуудал үүсгэсэндээ уучлалт хүсье. Өнөөгийн нөхцөл байдлыг бодож үзээд холбооноос гарч, сүмог гаднаас нь хөгжүүлэхэд чадах бүхнээ хийх ёстой гэж шийдлээ. Сүмочийн хувиар би энэ спортыг дэлхий дахинд хөгжүүлэх болно. Шавь нараа бодсонгүй, хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж хүмүүсийн ярьж буйг сонссон. Гэхдээ шавь нараа гэсэн сэтгэл минь огт өөрчлөгдөөгүй шүү. Сүмогоор дамжуулаын дэлхийн дахинд итгэл найдвар, аз жаргалыг түгээхийг зорино” гэв.
Сэтгүүлчид түүний шийдвэрийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсныг асуухад “Би аугаа түүхтэй Монголд төрсөн. Гайхамшигтай Япон оронд том амжилт гаргалаа. Гэр бүл болон эх орныхон маань миний шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжсэн” гэжээ.
Б.ЭНХМАА