Нэг настай хүүд ямар тариа хийсэн нь одоогоор тодорхойгүй байна гэв

Нэг настай хүүд ямар тариа хийсэн нь одоогоор тодорхойгүй байна гэв

-ХҮҮГ ТАРЬСНААС БОЛЖ ДОТОР ЭРХТНҮҮД НЬ ГЭМТСЭН ХЭМЭЭН ОНОШЛОГДЖЭЭ-

Халуунтай хүүхдээ эмчид үзүүлж халуун бууруулах тариа хийлгэсний улмаас өдгөө нэг настай хүүхэд Эх нялхсын эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж олны өрөвдөл, дургүйцлийг хүргээд байна. Нэг настай хүү халуурсан гэх шалтгаанаас өөр онцын зовуургүй байсан бөгөөд тариа хийлгэсний маргааш тарьсан хэсэгт нь хөхрөлд үүсэж Эх нялхаст үзүүлсэн ч тос түрхээд буцаажээ. 

Хүүхдийн ар гэрийнхэн нь Сэхээн амьдруулах тасгийн үүдэнд шинжилгээний хариу хүлээж суухаас өөр яахаа мэдэхгүй байгаа тухайгаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Харин хүүхдийн гэр бүлээс, “Эмнэлгийн дарга нар болсон явдлын талаар битгий цахим орчинд нийтлээч” гэсэн утгатай зүйлийг хэлсэн аж. ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн албанаас мэдээлэл өгөхдөө: Хүүхдэд эмчилгээ хийж эхэлсэн ба өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн.

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮҮГИЙН АР ГЭРЭЭС ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙНА-

Хүүхдийн ар гэрийнхэн цахим орчинд мэдээлэл түгээхдээ: Өнөөдөр /2019.08.22/ цахим орчинд нэгэн иргэн “Ойтой дүү маань халуурахад Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмч тариа хийсэн, уг газарт нь хөхрөлд үүсэж одоо таван цулд нь нөлөөлж, эх нялхсын эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна”

2019 оны наймдугаар сарын 13-ний өдөр миний дүү халуурсны улмаас Хан-Уул дүүргийн хүүхдийн эмчид хандахад, халуун бууруулах тариа хийсэн. Гэтэл маргааш нь тариа хийсэн хэсэгт хөхрөлд үүссэн учир ЭХЭМҮТ-д үзүүлэхэд өмхий ногоон тос түрхэж өгөөд буцаасан. Одоогоор дотор эрхтнүүд нь гэмтсэн байна. Хариуцсан эмч нь, “Энэ хүүхдийн төлөө чадах бүхнээ хийж байна, битгий ойр ойрхон асуугаад бай” гэж хэлсээр өдий хүрсэн. Эхээсээ эрүүл саруул төрсөн хүүхдийг ийм болгож байдаг хэмээн бичжээ.

Уг мэдээллийг нийтэлсэн И.Булганаас бидэнд мэдээлэхдээ: Манай дүүгийн биеийн байдал тун муу байна. Одоо Эх нялхсын эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Энэ сарын 20-ны 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Яармагт байрлах хүүхдийн эмнэлэгт үзүүлэхэд анальгин димедрол тарьж явуулсан гэсэн. Гэвч маргааш нь дүүгийн минь тариа хийсэн газарт хөхрөлд өгч, ийм байдалтай болчихлоо. Юуны учир ийм байдалд орж, бүх эрхтэнд нь нөлөөлөх болсон шалтгааныг тодруулахаар өчигдөр шинжилгээ авсан. Хариу 72 цагийн дараа гарна гэсэн учир бидэнд хүлээхээс өөр арга алга. Дүүгийнхээ биеийн байдлыг ажаад бүгд эрчимт эмчилгээний тасгийн гадаа хүлээж сууна гэв.

Бид уг мэдээллийн дагуу ЭМЯ-наас мэдээлэл авахаар холбогдсон. Харин Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Тухайн хүүхдийн асуудлыг бид мэдсэн. Холбогдох албан тушаалтан нарт мэдээллийг нь хүргүүлсэн. Чухам яг ямар тариа эмчилгээ хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. Бидний зүгээс шаардлагатай гэх арга хэмжээг авч ажиллаж байна гэсэн юм.

Энэхүү тариа хийлгэж биеийн байдал хүндэрсэн хүүгийн тухай нарийн мэдээллийг албанаас тодруулахаар ажиллаж байгаа гэх бөгөөд учир шалтгааныг нь эмнэлгийн байгууллага ч хэлж мэдэхгүй байгаа аж. Мөн ар гэрт нь ямар нэгэн мэдээлэл бүрэн өгөөгүй байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг Хан-Уул дүүргийн эмнэлгээс нууцалж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Одоогоор хүүгийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа бөгөөд шинжилгээний хариу эцэслэн гарч учир шалтгаан тодорхой болмогц санал гомдлоо өгөх аж.

У.УРАНЦЭЦЭГ