Э.Лхагвасүрэн: Олимпын нээлтэд эх орныхоо далбаан дор жагсаж орох агшинд Монгол хүн гэдгээрээ бахархаж бас омогшиж байлаа

Э.Лхагвасүрэн: Олимпын нээлтэд эх орныхоо далбаан дор жагсаж орох агшинд Монгол хүн гэдгээрээ бахархаж бас омогшиж байлаа

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг олимпын наадам Японы Токио хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн олимпод хоёр ч шинэ төрлөөр Монголын тамирчид эх орноо төлөөлөн амжилттай оролцож, түүхийн хуудсыг нээв. Тэдний нэг бол ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүч үзсэн улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн. Бид Э.Лхагвасүрэнтэй холбогдож анхны олимпод оролцсон сэтгэгдэл хийгээд тэмцээний талаар ярилцлаа.

-САНДРАЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ БИЕЭ БАРЬСАН ТАЛ БИЙ-

-Монголын тамирчид түүхэндээ анх удаа ширээний теннисний төрлөөр олимпод оролцлоо. Том амжилтын эхлэл гэж харж байна?

-Монголд ширээний теннис үүсэж хөгжсөний 61 жилийн түүхэнд анх удаа Олимпын наадамд оролцсондоо туйлын их баяртай байна. Өмнө нь Ази тив дэлхийн олон тэмцээн уралдаанд оролцож байсан. Олимп бол аргагүй өөр түвшний байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Мөн наадмын нээлтэд төрийн далбаан дор жагсаж орох агшинд эх орон, Монгол хүн гэдгээрээ бахархах, омогших мэдрэмж төрж байлаа.

-Эхний тойрогтоо АНУ-ын тамирчинтай тоглосон. Тоглолт хэрхэн өрнөв. Юун дээр алдаж, юун дээр оносон гэж бодож байна?

-Америкийн тамирчин хэдий нас залуу ч надаас олон удаа томоохон хэмжээний тэмцээнд оролцсон туршлагатай теннисчин байсан. Алдсан зүйл гэвэл өөрийнхөөрөө байж чадалгүй хэт биеэ барьснаас болоод булчин чангарсан. Мөн хэт нямбай тоглох гээд сэтгэл зүйн хувьд өөрчлөлт гарч эхэлсэн. Харин давуу талын хувьд  айлын/эсрэг тамирчин/ сул талыг олж харж, түүн дээр зөв тактик хэрэглэж тоглож чадсан гэж бодож байна. Гэвч өөрийн оноо авах чухал бөмбөгийг алдсан. Боломж гарвал аль болох довтолж тоглохыг хичээлээ.

-Никил Кумар 2019 онд Пан Америкийн наадмын багийн төрөлд түрүүлж байсан туршлагатай тамирчин шүү дээ. Таны хувьд өрсөлдөгчийнхөө тоглох арга барилыг хэрхэн дүгнэж байв?

-Өрсөлдөгч тамирчны хувьд хамгаалж тоглох талдаа илүү юм билээ. Техникээ бүрэн дүүрэн эзэмшиж чадаагүй харагдсан. Залуу тамирчин цаашдаа илүү өндөр түвшний тоглогч болох байх гэж бодож байна.

-Эхний тэмцээний сандрал хэр байв?

-Тамирчин хүн аль болох төвлөрөх хэрэгтэй. Сандрал гэхээсээ илүү биеэ барьсан тал бий.

-Тэмцээний дундуур хүндрэлтэй зүйл гарав уу?

-Тэмцээн болгоны дунд хүндрэлтэй үе байдаг. Даван туулах л хэрэгтэй.

-Та тэмцээний үеэр булчин чангарсан гэж хэлсэн. Иймэрхүү тохиолдолд өөрийгөө яаж тайвшруулдаг вэ. Тэмцээний туршид өөртөө юу гэж хэлж байв?

-Сэтгэл зүйн дасгалууд байдаг. Түүнийг хийдэг дээ. Тэмцээний үеэр өөртөө хэлэх техник үгнүүд гэж мөн байдаг. Тэдгээрийг чадахаараа хэлж байлаа.

-АНХНЫ БҮХЭН АЛДАА ОНООТОЙ БАЙДАГ УЧРААС ШАЛТАГ ХЭЛМЭЭРГҮЙ БАЙНА-

-Олимпод өрсөлдөхийн өмнөх шөнө хэр нойр авч чадсан бэ. Тамирчдад тэмцээний өмнөх шөнө унтаж чадахгүй байх тохиолдол гардаг гэж сонсож байсан?

-Нээлтийн ажиллагаа бага зэрэг оройтож дууссан. Сүүлийн хэд хоног нойр дутуу байсан. Гэхдээ шалтаг хэлмээргүй байна. Анхны бүхэн алдаа оноотой байдаг шүү дээ.

-Шүтэж биширдэг тамирчидтайгаа Олимпын цэнгэлдэхэд таарч байна уу?

-Миний хувьд өмнө нь долоон удаа дэлхийн аварга, гурван удаа Азийн наадам, гурван удаа Азийн аваргад оролцож байсан. Шүтдэг тамирчидтайгаа 18, 19 тэй байхдаа таарч баярлаж байсан үе бий. Одоо заримтай нь найзууд.

-Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ өрсөлдсөн. Монголын баг тамирчдын анхны хожлыг авчирлаа гэж олон хүн бахархаж байлаа. Б.Болор-Эрдэний тоглолтод ах тамирчны хувьд ямар зөвлөгөө өгч байв?

-Ширээн дээрээ ойрхон, бөмбөгөө хүлээ, аль болох оруул, бөмбөгөө сайн “зуулгах” хэрэгтэй, бөмбөгний эргүүлгийг тогтож хар гэж зөвлөсөн дөө. Тэмцээнд орохын өмнө хамт бэлтгэл хийж, нэгнээ халааж өгдөг.

-Тамирчдын хотхонд байрлахад хэр байна. Давхар давхраар улс орнуудыг байрлуулж байгаа гэж байсан?

-Тамирчдын хотхон аятай, тухтай сайхан байна. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгүүд цугларсан хотхон шүү дээ. Дурсгалын зүйлс солилцоод зургаа даруулаад спортынхоо онцлогуудыг ярилцаад сайхан байна.

-Энэ удаагийн олимп цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгчгүй зохион байгуулагдлаа. Тамирчдад хэр мэдрэгдэж байна. Амьд үзэгчтэй тэмцээн тэс өөр уур амьсгалтай болдог шүү дээ?

- Үзэгчидтэйгээ харьцаж тоглодог миний хувьд өвөрмөц санагдсан шүү.

-ХАМТ ОРОЛЦОЖ БУЙ ТАМИРЧИД МААНЬ ЗӨВХӨН ОЛИМПОД ОРОЛЦОХЫН ТУЛД ХЭЧНЭЭН ЦАГ ХУГАЦАА, ЗОЛИОС ГАРГАСАН БОЛЖ ГЭЖ БОДОХООР МАШ ИХ ХҮНДЛЭЛ ТӨРЖ БАЙНА-

-Америкийн тамирчинтай тоглосны дараа юу бодогдов. Харамсал төрсөн үү?

-Төрсөн. Миний хувьд 2,4,5 дахь сет-ийг өөрийн болгох бүрэн боломж байсан гэж бодож байна.

-Та анх удаа олимпод оролцож байна. Юу сурч мэдэв, ямар туршлага хуримтлуулав?

-Тамирчин хүн тэмцээн болгоноос нэг, нэг зүйлийг сурч өөрийн болгож авдаг. Богино хугацаа байсан ч спортын хувьд нарийн, ширийг зүйлсийг маш их сурч, мэдэж авлаа. Хамт оролцож буй тамирчид маань зөвхөн олимпод орохын тулд хэчнээн цаг хугацаа, золиос, хөдөлмөр гаргасан бол гэж бодохоор үнэхээр их хүндлэл төрж байна.

-Ширээний теннис аавын тань хамгийн дуртай спорт. Та олимпод оролцож өөрийнхөө бас аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн мэт санагдлаа?

-Аавдаа ээждээ хайртай гэдэг үгийг сүүлийн жилүүдэд хэлэх завшаан олдоогүй юм байна. Танай редакцаар дамжуулан аав, ээждээ хайртай гэдэг нандин үгийг дуулгамаар байна.

-Ширээний теннис тоглох дуртай, сонирхдог, энэ спортод хайртай маш олон хүн олимпын жим гаргасанд та бүхэнд талархаж, бахархаж байлаа. Энэ хүртэл дэмжиж ирсэн хүмүүс болон хайртай дотны хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Биднийг дэмжсэн Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, н.Одонбаяр дарга, болон хамт олонд нь, АУЭШТ-н дарга Б.Эрдэнэваанчиг түүний хамт олон, Олимпын хороо, МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга, ЕНБД С.Галбадрах, Гадаад харилцааны дарга Б.Баярмагнай, Ерөнхий дасгалжуулагч  Б.Цэрэнтогтох мөн хамт олон Сэтгэл зүйч н.Болормаа, Хоол зүйч н.Золбоо, нийт ширээний теннисчдэдээ бүгдэд нь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Мөн хамт сургуулилт хийж бэлтгэлийг минь хангаж өгсөн үндэсний шигшээ багийн гишүүд болох хөөрхөн дүү нартаа талархал илэрхийлмээр байна.

-Ярилцлагын төгсгөлд ширээний теннисээр хичээллэж, энэ спортын нэг эд эс нь болж буй залуу үеийнхэнд хандаж үг хэлбэл?

-Зорилгодоо тууштай бай. Өөртөө үнэнч бай гэдэг товчхон үг хэлмээр байна.