СУРВАЛЖИЛГА: Нуурын голд байх чулуун дээр гарч зургаа даруулах гэж яваад хоёр иргэн живж амиа алджээ

СУРВАЛЖИЛГА: Нуурын голд байх чулуун дээр гарч зургаа даруулах гэж яваад хоёр иргэн живж амиа алджээ

Энэ долдугаар сарын 26-ны өдөр /2021.07.26/ Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн Холбоо гэх нууранд тус сумын харьяат  нэг том хүн, нэг хүүхэд сэлж байгаад нуурын усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд бид тус хүмүүст юу тохиолдов, мөн иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ.

-НУУРЫН ГОЛД БАЙРЛАХ ЧУЛУУН ДЭЭР ОЧИЖ ЗУРГАА ДАРУУЛАХ ГЭЖ БАЙГААД ЖИВСЭН-

Тус иргэдийн живсэн “Холбоо нуур" нь Баян-өлгий аймгийн Буянт сумын төвөөсөө хойд зүгт 30 км-т байрладаг ба эргэн тойрондоо уул хадаар хүрээлэгдсэн уулсын дунд тогтсон гүнзгий нуур аж. Хэрэг гардаг тус өдөр 10-21 насны 5-6 хүн сумынхаа ойролцоо тус нууранд очиж зугаалах зорилготой явжээ. Харин тус нууранд сэлэхээр иргэн Е 21 настай эрэгтэй, иргэн Н 12 настай эрэгтэй болон нэг ойролцоо насны хүүхэд хамт орсон байна.

Улмаар Е, Н нар нуурын голд байрлах чулуун дээр гарч зургаа авахуулах гэж байгаад усны гүнд орж живсэн талаар эх сурвалж мэдээлж буй юм.

Хоёр иргэнийг живсэн тухай дуудлагыг тус өдрийн 18:10 цагт аймгийн Онцгой байдлын албанд мэдэгдсэн ба алба хаагчид шуурхайлан 18:35 цагт гарч, шөнийн 00:30 цагт уг газарт очжээ. Шөнө үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тус газраа хоноглож дараа өдөр /2021.07.27/ 06:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж нийт хоёр цаг 21 минут явагдсанаар, хоёр иргэний цогцсыг 8 метрийн гүнээс олж гаргажээ.                

         -АХ ДҮҮСЭЭРЭЭ БАЙНГА СЭЛЭХЭЭР ЯВДАГ БАЙЖЭЭ-

Нутгийн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Хөвгүүд ах дүүсээрээ сэлэх гэж байнга явдаг. Тэгээд л явдаг зүйлээ бодоод явсан чинь Холбоо нууранд очиж таараад живсэн байна. Тэр амьд гарсан нэг хүүхэд нь бас хамт явахаар цааш сэлэх гэж байгаад бахардаад буцсан юм шиг байна билээ. Эргээд хартал л нөгөө хоёр нь хөл нь хүрэхгүй доошоо шууд яваад орсон харагдсан гэсэн” гэсэн юм. Иймд ард иргэд гол мөрөн үерлэж, нуурын ус эргээ давж байгаа энэ үед гол усанд сэлэхээр явахгүй байж, гол нуурын ойролцоо хүүхдүүдийг тоглуулахгүй, зорчуулахгүй байх, мөн хараа хяналтаа сайжруулахыг манай редакцын зүгээс онцгойлон анхааруулж байна.