Ж.Нандин-Эрдэнэ: Охины минь биеийн байдал хүнд байгаа ч эмч нартаа итгээд хүлээж сууна

Ж.Нандин-Эрдэнэ: Охины минь биеийн байдал хүнд байгаа ч эмч нартаа итгээд хүлээж сууна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн үүдэн дэх сахиурын өрөөнд олон эцэг эхчүүд хаалга сахин элдэв хувцас хэрэглэл зөөж ээлжээр хүүхдээ харахаар орцгоож байгаа харагдав. Эдний дунд Эмүүжин охины ээж нагац эгч нар нь нарийн шинжилгээний хариу хүлээж минут секунд бүрийн тоолон байна. Эмүүжин охин нэг настай бөгөөд халуун буулгах тариа хийсэн хэсэгт үхжилт үүсч улмаар идээт үрэвсэл явагджээ. Мөн идээт үрэвсэл дотор эрхтнүүддээ үсэрхийлж биеийн байдал муудаж сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

-ХҮҮХДИЙН ДОТОР ЭРХТЭНД ИДЭЭТ ҮРЭВСЭЛ ТАРСАН ТУЛ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА-

Эмүүжин охин наймдугаар сарын 20-ны 16.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Яармагт байрлах хүүхдийн эмнэлэгт үзүүлэхэд анальгин димедрол тарьж явуулсан. Гэвч маргааш нь тариа хийсэн газарт хөхрөлд өгч, биеийн байдал гэнэт муудсан байдаг. Энэ асуудлаар Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагаас хүүхдэд хийсэн тариаг нарийн шалгаж эхэлсэн аж.

Хүүхэд юуны учир тариа хийлгэсний улмаас биеийн байдал ийнхүү муудсан талаар бид сурвалжиллаа.

-ХҮҮХДИЙН БИЕ ТОГТВОРЖИЖ ӨГЛӨӨ НҮДЭЭ НЭЭЖ ХАРСАН-

Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн захирал н.Алтантуяагаас охины биеийн байдлын талаар тодрууллаа.

-Сайн байна уу. Танай эмнэлэгт Хан-Уул дүүргийн эмнэлгээс халууны тариа хийлгэсний улмаас биеийн байдалд нь муудаж ирсэн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа шүү дээ. Одоогоор биеийн байдал хэр байна вэ? 

-Тийм. Тэрхүү нэг настай хүүхдийн биеийн байдал анх ирснээ бодоход харьцангуй тогтворжиж байна. Өнөө өглөө гэхэд нүдээ нээгээд харсан. Тарианы улмаас үүссэн шархыг цэвэрлэж бүхий л шаардлагатай гэх эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй хийж байна. Нарийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй байгаа учраас өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

-ХҮҮХЭД МААНЬ ХАЛУУРААД ОЧИХОД ГУРВАН ТӨРЛИЙН ТАРИА ХИЙСЭН-

н.Эмүүжин охины ээж Э.Нандин-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Сайн байна уу. Таны охины биеийн байдал ямар байна вэ? 

-Дөнгөж сая хүүхэдтэйгээ сэхээний тасаг руу орж уулзаад гарч ирлээ. Биеийнх байдал ерөнхийдөө хүнд байна.

-Эхлээд хүүхэд ямар оноштойгоор эмнэлэгт хандаж үзүүлж байсан бэ?

-Анх хүүхэд маань халуураад Хан-Уул дүүрэгт байрлах өрхийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж хэлээд дүүргийн эмнэлэгт очсон. Ингээд дүүргийн эмнэлэгт очоод халуун бууруулах тариа хийлгэсэн. Үзүүлсэн эмч маань надад жижиг цаасан дээр халуун бууруулах үйлчилгээтэй гээд анальгин, демдирол, новокаин гэж гурван ширхэг эм бичиж өгөөд хоёр давхарт хийлгээрэй гэсэн. Ингээд би хүүхдээ тэврээд дээш гарахад сувилагч новокаин хоёр ширхгийг аваад ир гэсэн. Тэгээд би авч очоод хийлгэсэн.

-Хүүхдэд тань тариа хийлгэсний дараа ямар зовиур илэрч эхэлсэн бэ? 

-Гэртээ очоод унтаад л байсан. Халуун нь нэг хэсэгтээ буухгүй байхаар нь дахин халуун буулгах эм уулгасан. Тэгээд шөнө аав нь надад хэлэхдээ: “Хүүхэд баасан байна живэхийг нь сольчих” гэхээр нь солихоор хувцсыг нь тайлахад хөхрөөд бэрсүү үүссэн байсан. Тухайн үедээ би юманд цохиод юм уу унаад хөхөрчихсөн байна даа гэж бодож байсан. Тариа хийлгээд ингэсэн гэж санаанд буугаагүй. Тэгээд өглөө нь дахин харахад хэвэндээ байсан. Миний хүүхэд өдөржин унтаад хоол өгөхөөр сэрээхэд хоолоо ч идэхгүй байсан. Тэгээд дүүргийн эмнэлгээс бичиг аваад Эх нялхас руу ирсэн. Энд ирэхэд мэс заслын эмчид үзүүл гэсэн. Мэс заслын эмч тос бичиж өгөөд өглөө ирээрэй гэсэн юм.

-Та бүхний цахим орчинд нийтэлсэн мэдээллээр бол тариа хийлгэснээс болж дотор эрхтнүүдэд нь нөлөөлсөн гэж байсан. Энэ талаар? 

-Тийм. Баруун гуя тэр чигтээ үхжээд идээт үрэвсэл явагдсан байсан. Тэрхүү идээт үрэвсэл нь дотор эрхтнүүддээ үсэрхийлээд бие нь муудсан гэсэн. Одоо бол ерөнхий дөө хүнд байна. Гэхдээ анх ирснээ бодоход арай дээрдэж байна.

Үхжилт нь их хар эвгүй байгаа. Тэр үхжилт нь цаашаа идэхжихгүй л бол гайгүй гэж эмч хэлсэн.

-Хүүхдэд чухам ямар тариа хийсэнг шинжилж байгаа гэсэн шүү дээ? 

-Одоо эмнэлэгт өдөр бүр нарийн шинжилгээ хийж байгаа гэж эмч нар бидэнд хэлсэн. Яг тэр нарийн шинжилгээний хариу өнөөдөр гарна гээд бид нар хүлээгээд сууж байна. Одоо эмч нар бидэнд танилцуулна гэж байгаа. 

-СЭХЭЭ РҮҮ ОРООД “ХАЙРТАЙ ШҮҮ ДАВААД ГАРААРАЙ” ГЭЖ ХЭЛЭХЭД ГАРААС МИНЬ АТГАСАН-

Эмүүжин охины нагац эгч И.Булган хэлэхдээ: 

-Би сая дүүтэйгээ орж уулзаад гарч ирлээ. Одоо энэ эмнэлгийн эмч нартаа л найдаж байна. Бидэнд өөр арга алга. Бид нарт хийж чадах өөр зүйл байхгүй. Ерөнхийдөө дотор эрхтэнүүд нь хэвийн байдалдаа орж эхэлж байгаа гэж байна. Мэдээж бид төрүүлсэн ийм хөөрхөн хүүхдээ үхүүлхийг хүсэхгүй байна шүү дээ. Итгэл найдвар дүүрэн хүлээгээд л байж байна даа. Өнөөдөр ямар ч байсан дүүдээ “Миний дүү энэ их зовлонг тэвчээрэй. Хайртай шүү” гэж хэлэхэд нүдээ нээж хараад гарыг минь атгаж байна лээ. /уйлав сурв/ Тэрийг нь хараад үнэхээр баярлаад сууж байна.

Нэмээд хэлэхэд манай Монголын ард түмэн үнэхээр элэг нэгтэй хүмүүс юм байна. Огт танихгүй ээж хүрч ирээд “Сорвины тос шүү. Эдгэхээр нь түрхээрэй гэж хэлээд өгсөн. Тэр эмэгтэйг тос аваад ирэхээр нь ямар их баярлав аа. Огт танихгүй хүмүүс өдөр бүр яаж байна гээд асуугаад санаа тавьж байгаад баярлаад ханашгүй. Тэр болгонд бид хариу бичиж чадахгүй байна. Монголын ард түмэн бүгд хүүхдийн минь төлөө залбирч байна. Баярлаж байгаа шүү гэж хэлмээр байна.

У.УРАНЦЭЦЭГ




Улаанбаатарт 20 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө