Б.Бат-Эрдэнэ: Би Э.Оюунболдод итгэл алдраагүй

Б.Бат-Эрдэнэ: Би Э.Оюунболдод итгэл алдраагүй

Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон гэж өчигдөр баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар Э.Оюунболд аваргын багш Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Э.Оюунболд надтай утсаар ярьсан. "Багшаа би допинг огт хэрэглээгүй шүү. Та надад итгээрэй. Хууль хяналтын байгууллагад уг асуудлыг шалгуулахаар хандсан. Наадмын өмнө "Чамайг асуудалд хутгана" гэж сүрдүүлж байсан. Наадмын дараа 1.7 тэрбум төгрөгийн бөх төрлөө гэж гүтгэсэн" гэж хэлсэн. 

Өөртөө их л итгэлтэй байна лээ. Миний хувьд ч итгэл алдарсан зүйлгүй байна. Иймэрхүү асуудлаар хүнийг хэлмэгдүүлж байгаа бол түүн шиг муухай зүйл үгүй. Тэгэхээр уг асуудлыг шалгадаг газар нь шалгана биз ээ. Хориотой эм, бодис хэрэглэсэн нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авахуулах ёстой байх. Баяр наадмын тухай хуулиараа шийднэ" гэсэн юм. 

Мөн допингийн шинжилгээг 2002 оноос хойш авдаг болсон. Би 2006 он хүртэл шинжилгээг нь өгч үзсэн. Тухайн үед шинжилгээг хэвийн л авдаг байсан. Гэтэл сүүлийн үед шинжилгээг их л замбараагүй авдаг болсон байна лээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан бичлэгийг харвал шинжилгээ авч буй үйл явц их л замбараагүй юм байна лээ. Түүнээс олон улсын лабораторийн хариу бол үнэн, зөв байх учиртай. Уг нь Э.Оюунболд өөрөө байгалиасаа төрмөл хүч, авъяастай хүн гэлээ. 

Эх сурвалж: С1 телевиз