ХЭРГИЙН ГАЗАР: Дайруулж амиа алдсан хоёр эмэгтэй уралдаж явсан машинуудын зургийг авч байжээ

ХЭРГИЙН ГАЗАР: Дайруулж амиа алдсан хоёр эмэгтэй уралдаж явсан машинуудын зургийг авч байжээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 29-ний шөнийн 03 цагийн орчимд камерын хяналтгүй, хүний хөлөөс зайдуу замд машиныхаа хурд хүчийг сорихоор уралдаж байсан хоёр автомашины нэг нь онхолдож гурван хүн газар дээрээ нас барсан аймшигт осол гарч олныг цочирдуулаад байна.

-УРАЛДАЖ ЯВСАН МАШИНУУДЫН ЗУРГИЙГ ДАРЖ БАЙСАН ХОЁР ЭМЭГТЭЙГ ДАЙРЧ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН-

Тодруулбал, Хэргийн газарт нийт дөрвөн залуу байсан бөгөөд хоёр эрэгтэй нь зам дээр машинтайгаа уралдаж, хоёр эмэгтэй нь зургийг дарж байжээ. Уралдсан хоёр жолоочийн нэг нь замын хажууд зогсож байсан эмэгтэйчүүдийг дайрч өөрөө машинтайгаа замын хажуу руу онхолдсон байна.

Уралдаж байхдаа дрифт хийж ийнхүү онхолдсон бөгөөд машинд гал гарч жолооч машин дотроо амь насаа алдсан аж.

Харин энэ үеэр хөдөлгөөнд оролцож байсан автомашинууд зогсож шатаж байсан машиныг унтрааж холбогдох байгууллагуудад дуудлага мэдээлэл өгсөн байна. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны шуурхай алба, Онцгой байдлын газрын аврах анги болон Яаралтай түргэн тусламжийн эмч нар хэргийн газарт очиж ажилласан байна.

Харин иргэдийн хэлж буйгаар, хэргийн газарт хүн харахын аргагүй аймшигтай дүр зураг бий болж, Уралдсан машинд мөргүүлсэн хоёр эмэгтэйн бие олон хэсэг болж тасарсан байсан аж. Хэргийн газарт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч нар ажиллахдаа тасарсан хэсгүүдийг нийт дөрвөн цаг хайж 103 төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн гэсэн мэдээлэл байгаа юм. Уралдаж байсан нэг машины жолооч нь уг аймшигт ослоос ганцаараа амьд үлджээ. Тэрхүү ослоос амьд гарсан гэх жолооч нь маш өндөр хурдтайгаар уралдаж байсан гэдгээ урьдчилсан байдлаар хүлээгээд байгаа ба амиа алдсан охид бичлэг хийж зураг дарж байсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.

-МАШИН ОНХОЛДОХ ҮЕД ГАЛ ГАРЧ ИРГЭД УНТРААСАН БӨГӨӨД ЖОЛООЧ НЬ МАШИНДАА НАС БАРСАН БАЙСАН-

Энэхүү ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Өчигдөр шөнө аймшигт осол болсон. Уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Урьд шөнө буюу наймдугаар сарын 29-ний 03 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутагт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн. Тухайн зам тээврийн ослыг “Subaru mpreza” маркийн спорт загварын автомашинаар үйлдсэн байгаа.

Уг ослын улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн газар дээрээ амиа алдсан. Тэгэхээр залуучуудад хандаж хэлэхэд, шөнө оройн цагаар спорт загварын машинаар дрифт хийдэг. Ялангуяа спорт загварын болон уралдааны автомашин сонирхдог залуус замын цагдаагийн хяналтгүй, хотын хөдөлгөөнөөс зайтай, зориулалтын бус, нийтийн хэрэгцээний зам дээр гарч дрифт хийж автомашиныхаа хурд хүчийг сорьдог зөрчил ихээхэн байдаг. Үүнээс шалтгаалаад хөдөлгөөнд оролцож байгаа бусад тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигчийн амь нас эрүүл мэнд эрсдэлд ордог. Мөн эцэг, эх асран хамгаалагч нар өөрийн хүүхдээ хаана, хэнтэй юу хийж байгаад нь байнгын анхаарлаа хандуулдаг байх шаардлагатай гэж хэлмээр байна.

Осол гаргасан тээврийн хэрэгсэл дахин ашиглагдахааргүй нүд хальтрам болсон. Мөн онхолдох үедээ осол гаргаж замын хажуу руу унахдаа бага зэргийн гал гарч, түүнийг иргэд унтраасан  нөхцөл байдал тогтоогдсон. Тээврийн хэрэгсэл жолоодож байсан жолооч нь өөрөө машин дотроо амь нас нь хохирсон. Тухайн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байна. Осол болох үед нас барсан хоёр эмэгтэй зорчиж явсан эсэх болон гадна талбайд зогсож байсан эсэхийг одоогоор тогтоогоогүй байна. Яагаад гэхээр хэргийн цар хүрээ багагүй том байгаа учраас шалгах ажиллагаа нилээдгүй явагдана гэсэн үг юм.