Ц.Анандбазарын эзэмшлийн гэх Жуковын талбайд барилга барихыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна

Ц.Анандбазарын эзэмшлийн гэх Жуковын талбайд барилга барихыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна

УИХ-ын гишүүн, “Сод Монгол групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын эзэмшил гэх БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Жуковын талбайн арын хэсгийн газрын маргаан дэгдээд даруй 10 гаруй жил өнгөрчээ.

Харин 2021 оны зургаадугаар сарын 1-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил “Жуковын талбай”-н газрыг зөвшөөрлийг цуцалж, ард иргэдийн амрах талбай болгох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл уг шийдвэр хэрэгжихгүйгээр барахгүй  талбайд том оврын машин техникүүд ажиллаж барилга барихад бэлтгэж байна. Үүний улмаас тоос шороо ихээр босохоос гадна уг талбайд олон жил мал нядалгааны ажил хийсэн тул халуун өдрүүдэд эвгүй үнэр ойр орчимд нь үнэртдэг байна. Баянзүрх дүүргийн 4 хорооны иргэд  амьдрах орчноо сайжруулахын тулд удаа дараа цуглан жагсаал, эсэргүүцэл өрнүүлж байгаа боловч үр дүнд хүрээгүй хэвээр байна. Мөн тус талбайд барилга барихыг эцсээ хүртэл эсэргүүцнэ гэж мэдэгдсэн бөгөөд эсэргүүцлийн жагсаал өнөөдөр ч үргэлжилж байна. Гэвч хашаан дотор барилга барихаар бэлтгэж газар шорооны ажлыг хийсээр байгаа юм. Иргэдийн зүгээс Д.Сумъяабазар даргыг хэзээ шийдвэрээ гаргаж газрын зөвшөөрлийг цуцлахыг хүлээсээр байгаа юм.