АН-ын бүлгийн зургаан гишүүнээс бусад нь  Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт зурсан гарын үсгээсээ БУЦЖЭЭ

АН-ын бүлгийн зургаан гишүүнээс бусад нь Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт зурсан гарын үсгээсээ БУЦЖЭЭ

Өмнө нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх бүрт сөрөг хүчний гишүүд 100 хувь санал нэгддэг байв. Гэтэл энэ удаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зургаан гишүүн л дэмжжээ. Тус бүлэг нь нийт 13 гишүүнтэй бөгөөд долоо нь дэмжээгүй гэх мэдээлэл байна.

-Х.БАТТУЛГА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДОХТОЙ ЗЭРЭГЦЭН АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ГАРЫН ҮСГЭЭСЭЭ БУЦЖЭЭ-

Угтаа тус бүлгийн дарга Д.Ганбат өөрийнхөө албан бланк дээр гарын үсэг цуглуулахад тус бүлгийн нийт 12 гишүүн гарын үсгээ зураад байжээ. Харин зураагүй үлдсэн нэг нь Д.Ганбат байсан гэж эх сурвалж мэдээлэв.  Тэрбээр яагаад гарын үсгээ зураагүй нь анхаарал татна. Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдсон даруйд тус бүлгийн гишүүд гарын үсгээсээ буцаж одоо зургаагийнх нь гарын үсэг үлдээд буй гэх.

Өнгөрсөн сарын 16-ны өдөр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Засгийн газрыг огцруулах бичигт гишүүд гарын үсгээ зурж байна. 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж мэдэгдсэн.

Гэтэл үүнээс хойш гишүүдийн гарын үсэг нэмэгдэх нь бүү хэл хасагдсан нь энэ аж. С.Ганбаатар гэхэд шийдвэрээсээ буцаж “Сү.Батболдод л өгөөш өгөх юм биш үү дээ” гэсэн утгатай тайлбар хийсэн гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнд яригдаж байна. Тэрбээр үеийн үед Засгийн газрыг огцруулахаар магнайд нь мандаж явдаг байсан бол энэ удаа ил, далд “Засгийн газрыг л огцруулж болохгүй” гэж ярьж явна. Ерөөс нь энэ үйлдэл нь АН-ын бүлгийн гишүүдийн ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгааг илтгэнэ. Улс төрийн хүрээнд  А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь Ц.Туваан, С.Ганбаатар, Н.Ганибал, О.Цогтгэрэл нарыг Х.Баттулгын хүмүүс гэгддэг.  

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРАА АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД Х.БАТТУЛГАТАЙ ХАМТАРЧ БАЙНА УУ-

Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар хамааралтай болсноо ил зарласан. Түүний цаана улс төрийн тохироо бий. Харин Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгаар дамжуулж Засгийн газартаа "бэхэлгээ" хийснийг АН-ын бүлгийн гишүүдийн гарын үсгээсээ буцсан үйлдэл баталлаа.    Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар хуваагдаж 28/32 гэсэн харьцаатай болсон гэх бөгөөд өнгөрсөн долдугаар сард Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж “Ц.Нямдоржийг явуул. Эсвэл...” гэж сануулсан гэх мэдээлэл ч байна. Эцэстээ энэ нь том зургаараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиа бодсон улс төр ч байж мэдэх юм.