СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төрсөн дүүгээ, эхнэртэй нь хамт "Хөрөнгийн маргаан"-аас болж хөнөөсөн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төрсөн дүүгээ, эхнэртэй нь хамт "Хөрөнгийн маргаан"-аас болж хөнөөсөн хэрэг гарчээ

Энэ есдүгээр сарын 05 /2021.09.05/ өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр иргэнийг амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд оршин суудаг иргэн С 61 настай эрэгтэй болон түүний эхнэр Б 61 настай эмэгтэй нарыг биедээ олон тооны шархтай нас барсан байхыг цагдаагийн алба хаагчид олсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэргийг “талийгаач С-ийн төрсөн ах 65 настай эрэгтэй Б үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд тэд хоорондоо орон, байрны маргаантай байсан” гэсэн юм. 

Мөн хэрэг гардаг өдөр гэмт этгээд архидан согтуурсан үедээ эхнэрээ гэртээ хүлж, амыг нь скочоор тагласан байсан бөгөөд тэр хоорондоо дүүгийнхээ гэрлүү явж дүүгийнхээ хүзүү, нуруу хэсэгт найман удаа, бэрийнхээ хэвлий гар хэсэгт таван удаа хутгалж амь насыг хохироосон байна. 

Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд гэмт этгээд хэргийн талаар сэжигтэн Б өөрөө утсаар мэдэгджээ. Мөн бид энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Хэргийг шалгаж байна одоогоор эд хөрөнгийн маргаантай байсан нь тогтоогдсон. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.